Харанга - Манан



Алс хол хүний нутагт
Ээждээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт
Талын цэцэстэй хамт
Талбиун нутагтайгаа зүүдэллээ

          Од болж тэртээд харвасан
          Аавтайгаа золгонхон зүүдэллээ
          Таныг алтангадастай хамт
          Долоон бурхадтай хамт
          Үүрийн цолмонтой зүүдэллээ
          ээ ээ ээ өө өө өө

Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
өө-өө-өө-өө

          Унаган нутгаа дурсан зүүдэллээ
          Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
          Тунгалаг тамир, Туулаа зүүдэллээ аав минь
          өө-өө-өө-өө

Харь хол хүний нутагт
Хайртыгаа тааланхан зүүдэллээ
Чамайг тэнгэрийн сартай хамт
Тэнгэрийн эрхэстэй хамт
Өнгийн солонготой зүүдэллээ
ээ ээ ээ өө өө өө

          Эх нутгаа санан зүүдэллээ
          Энгүй талдаа наадан зүүдэллээ
          Гэнэн насандаа очиж зүүдэллээ хайрт минь
          өө-өө-өө-өө

Унаган нутгаа зурсан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир, Туулаа зүүдэллээ хайрт минь
өө-өө-өө-өө



LTE сүлжээ гэж юу вэ?

3 Хоногын өмнө Харилцаа холбооны зохицуулах хорооноос гар утасны оператор компаниудад үүрэн холбооны 4G LTE, LTE-A үйлчилгээ эрхлэх эрхийг нь өгснөө сайтаараа дамжуулан мэдэгдсэн юм. Үүнээс 1 хоногын дараа Мобиком компани энэхүү үйлчилгээг энэ оны 2-р улирлаас эхлэн хэрэглэгчиддээ хүргэхээ мэдэгдсэн бол Юнител 4G түрүүлж алхана гэсэн рекламаа мөн л цацлаа. Бодвол бусдаасаа түрүүлээд үйлчилгээгээ эхлүүлэх бололтой юм. Хэн нь түрүүлдэг нь хамаа алга, юутай ч энэ бол үүрэн холбооны дараагын дэвшилтэт үе мөн тул хэрэглэгчийг гар утасны хэрэглээний шинэ төвшинд аваачих нь ойлгомжтой. Монголд л шинээр хэрэгжиж эхлэх гэж байгаа боловч энэ нь одоогоос 10 гаран жилийн өмнөөс хөгжүүлэлтийг нь хийж эхэлсэн, хэрэглээнд нэвтрээд 10 жил болж байгаа сүлжээ бөгөөд Өмнөд Солонгосчууд нэлээн хэдэн жилийн өмнөөс LTE-н дараагын 5G сүлжээг хөгжүүлээд эхэлсэн юм. Бодвол одоо тэндээ хэрэглээнд нэвтрэх дөхөж байгаа байх. 

LTE - Long Term Evolution

4G LTE нь сүлжээний GSM/EDGE болон UMTS/HSPA техологи дээр суурилсан гар утасны өндөр хурдтай утасгүй холбооны стандарт юм. Энэ нь үүрэн холбооны 4-р үеийн сүлжээ бөгөөд (4th Generation = 4G) өмнөх 3-р үеийн сүлжээнээс (3G) татаж авах (download), илгээх (upload) хурдаар эрс өндөр. LTE-г хөгжүүлж өргөтгөөд LTE Advanced буюу LTE-A сүлжээг мөн бий болгосон юм. 

Хэрэглэгч энэ сүлжээнд холбогдож өндөр хурдны интернетийг хэрэглэхийн тулд юуны өмнө тухайн хэрэглэгчийн хэрэглэдэг үүрэн холбооны оператор тухайн байрлалд LTE сүлжээгээ нэвтрүүлсэн байх шаардлагатай мөн хэрэглэгч LTE сүлжээнд холбогдож чадах гар утас эсвэл USB Dongle төхөөрөмжтэй байх ёстой. Өөрийн хэрэглэдэг гар утсаа LTE сүлжээнд холбогдож чадах эсэхийг мэдэхийг хүсвэл утасны үзүүлэлт хардаг gsmarena.com, phonearena.com гэх мэт сайтуудаас утасныхаа модел дугаараар нь өөрийн утсаа хайж олоод, Network хэсгийг үзэх шаардлагатай.

Энэ сүлжээний давуу тал: Хурдан интернет гэдэг эрх чөлөө гэдгийг хүн бүгд мэднэ. Хүлээлгэж цаг алдахгүй хугацаагаа хэмнэх, Netflix гэх мэтийн entertainment stream-г гар утсан дээрээсээ гацалтгүй HD форматаар үздэг болох, том хэмжээний өгөгдлийг хурдан хугацаанд татаж авах, илгээх, ярианы чанар сайжрах гээд л тоочоод байвал зөндөө. 

Дутагдалтай тал: Хэрэглэж үзээгүй болохоор одоогоор тийм ийм гэж ярьвал худал ярьсан болно. Гэхдээ юун түрүүнд хэрэглэгч LTE хэрэглэхийн тулд LTE гар утастай байх хэрэгтэй. Манай оператор компаниудын дата үйлчилгээ өндөр үнэтэй, багцад дагалдах дата хэмжээ бага тул өндөр хурдтай интернет хэрэглэснээр дата нь хурдан дуусна. Энэ бол нийтийг хамарсан асуудал тул операторууд нэг шийдэл олж л таараа. Мөн LTE хурд нь төсөөлсөн хэмжээнд хүрдэггүй гэж өндөр хөгжилтэй орны хэрэглэгч нар гомдоллодог аж. LTE нь төрлөөсөө хамаараад 100-300Mbps хурдаар холбогдоно гэж тодорхойлдог боловч бодит амьдрал дээр энэ хурдандаа хүрдэггүй гэнэ. АНУ-н New York-д Verizon-н LTE гэхэд дунджаар download 30.1Mbps, Upload нь 17.6Mbps байдаг байна. Манай операторуудын QoS магтаад байхаар биш, Монголын интернет урсгал өндөр биш тул LTE-н хурд нь өөрсдийнх нь зөгнөөд байгаа шиг нисээд байх нь юу л бол. Гэхдээ 3G-тэй харьцуулахад ч хурдан болох нь болно л доо.

LTE нэвтрээд эхлэнгүүт үйлчилгээ үзүүлэгч компаниудын дата багц, үнэ тариф нь шинэ технологидоо нийцэж өөрчлөгдөх нь мэдээж. Энэ өөрчлөлт нь хэрэглэгч бидэндээ нааштай эерэг өөрчлөлт байгаасай. Хурай хурай

Луувангаас амттай зүйл бий.

Юнивижний гурвалсан үйлчилгээг хэрэглээд бараг 4 жилийнхээ босгон дээр гурвалсан үйлчилгээнээс татгалзаж, зөвхөн IPTv үлдээгээд, интернетээ өөрчилсөн юм. Ингэх болсон хэд хэдэн шалтгаан байсан:
  1. Юнивижний интернет заагдсан доод хурд буюу 3mbps-дээ хүрэхээ больсон.
  2. FTP Protocol ашиглах боломжгүй. Холболт тогтож байгаа гадаад IP хаяг нь байнга солигддог учир FTP холболт болдоггүй гэсэн хариултыг инженерээс нь авч байлаа.
  3. Android device-с Play store руу ихэнх тохиолдолд холболт хийгддэггүй байсан.
  4. Хурд нь жигд биш байсан тул интернет stream-р (sopcast, acestream) хөлбөмбөг болон бусад олон спортын тэмцээн үзэж чадахгүй гацдаг байсан.
  5. Smartbox-ныхоо access-г өгдөггүй учраас өөрөө сүлжээгээ тохируулах, хэрэглэгчдээ хянах боломжгүй. Гэрийнх нь сүлжээнд өөр нэг хэрэглэгч холбогдсон байсан талаар jnaya бичиж байсан санагдана.
Эдгээр шалтгаануудын улмаас Мобинетийн интернетийг гэртээ 1 жилийн гэрээгээр тавиулж, Юнивижнээс зөвхөн IPTv-г нь үлдээсэн билээ. IP утсыг бол бараг л ашигладаггүй байсан, гар утсаа хаа нэгтээ тавиад олохгүй байгаа үедээ л залгаж, гар утасныхаа байршлыг нь тогтоодог байсан гэвэл хилсдэхгүй.
Мобинетийг сонгосон шалтгаах: Өчнөөн олон ISP компани байхад яагаад заавал Мобинет гэж???
  1. Хурд нь унадаггүй, жигд, тасалдалгүй байдаг гэдгийг олон жил хэрэглэсэн найзаасаа олж мэдсэн
  2. Mobinet Booster үйлчилгээг ашиглаад багахаан мөнгөөр хурдаа өөрийн хэрэгцээндээ тааруулан 10mbps, 15mbps, 20mbps болгож нэмэх боломжтой байсан. Энэ бол эдний үйлчилгээг сонгосон хамгийн том давуу тал байсан гэж хэлж болно. Учир нь Sopcast, Acestream өндөр хурдны live stream үзэхэд шаардлагатай хурдыг гаргаж чадна гэж үзсэн.
  3. Өмнөх үйлчилгээнээс хямд мөртлөө хурд нь өндөр байсан
  4. Манай байранд сүлжээ нь орсон байсан
  5. Төлбөрийн нөхцөл нь бас уян хатан, мобикомын төлбөр төлөх суваг нь олон сонголттой. Дараа төлбөрт үйлчилгээг сонгож гэрээ хийвэл сарын төлбөр нь гар утасны төлбөр дээр нэмэгдээд л гарчихна, утасны төлбөрөө төлөхдөө хамт төлчих учир ямар ч асуудалгүй. 
  6. Wifi router-ээ өөрөө тохируулах, хянах боломжтой. 
  7. 1 жилийн гэрээ хийвэл WIFI Router бэлгэнд үнэгүй дагалддаг. 
Ингээд гэртээ Мобинетийн интернеттэй болж, дээр дурьдсанчлан хязгаарлагдаж байсан асуудлуудаасаа салж интернетийн эрх чөлөөгөө эдлэх болсон билээ. 3 сар гаран хэрэглэхэд хурд нь удааширсан, саатсан, бухимдуулсан зүйл лав гарсангүй. Stream-р Английн Пример Лигээ өндөр чанартайгаар үзээд их таатай байгаа. Луувангаас амттай зүйл бий гэдэг дээ. Үнэн бололтой



Тоглолтоо ПС дээрээ #skysports -н дамжуулалтаар англи тайлбартай үзэх гэж байна. Зарим нэг #TuneUp хийсний ачаар ингэж шууд стрийм үздэг болсон. Энэ талаар дараа бичье. KEEP CALM BECAUSE IT'S MATCHDAY. #TOTNEW #COYS
Posted by Bat Erdene Purevdorj on Sunday, December 13, 2015

Бяцхан харьцуулалт.

ISP Speed IP Phone Price Comment
Univision Гурвалсан үйлчилгээ 3mbps Yes 29900
Mobinet Internet + Univision IPTv 5mbps No 9900(IPTv)+16500(Internet) = 26400 Хурдаа шаардлагатай үедээ Booster-р нэмэгдүүлэх боломжтой



Аан сониноос өнөөдрөөс эхлээд Юнивижны гурвалсан үйлчилгээний интернет нь Дата хязгаартай болсон байх шиг байна. Гэхдээ би лав нээх сонирхоогүй, угаасаа надад хамаагүй асуудал.

Тюриний шагнал (Turing awards)

Өнгөрсөн бүтэн сайн өдөр The Imitation Game киног үзлээ. 2014 онд нээлтээ хийсэн Оскарын шагналтай энэ киноны үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны үед Британы тусгай алба математик, шатар, хэл шинжлэлийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн баг байгуулан Нацист Германы армийн мэдээллээ дамжуулахдаа ашигладаг "Энигма" шифрлэх машины (Enigma machine) нууцлалыг тайлахыг оролдож байгаа талаар гарч үйл явдал өрнөнө. Киноны гол дүр нь математикийн хосгүй авъяастан Кембрижийн их сургуулийн Алан Тюрин юм.
Тюрин нэрийг сонсвол өмнө хэзээ нэгтээ хаа нэгтээ жич танил байсан мөртлөө нэр нь орж ирэхгүй байгаа хүний царай шиг санагдаад байлаа. Хэн билээ юу билээ гээд бодоод бодоод олдоггүй, Тюриний онол гэж байдаг билүү гээд хайхад тэгж нэрлэгдсэн олигтой зүйл олдсонгүй. Гэтэл гэнэт Тюриний шагнал гэж оюутан байхдаа сонсож байснаа саналаа. Багш лекц эхлэхийн өмнөхөн Тюриний шагнал гэж байдаг, тэр нь компьютерийн салбарын "Нобелийн шагнал" юм гэдгийг товч ярьж байсан нь бүүр түүрхэн санагдаад байсан нь тэр байж. Товчхондоо өгүүлэхэд Alan Mathison Turing түүхэн хүн ба дэлхийн хоёрдугаар дайны үед Блечли паркд байдаг Британийн код тайлах төвд ажиллаж байсан  математикийн хосгүй мэргэжилтэн байсан бөгөөд энд ажиллаж байхдаа Энигмагын нууцлалыг тайлахын тулд зохион бүтээсэн машин нь өнөөгийн компьютерийн тооцооллийн анхдагч үндсэн арга хэрэгсэл байсан гэж үздэг юм.

Тюриний шагналын талаар товчхон: Тооцоолох Техникийн Холбооноос олгодог энэ шагнал нь Компьютер, электрон тооцооллын салбарт амжилт гаргасан хувь хүнд олгодог шагнал бөгөөд 1966 оноос эхлэлтэй юм байна. "Компьютерийн салбарын Нобелийн шагнал" гэж тодорхойлдог аж. 

50 жилийн түүхтэй энэ шагналыг энэ салбарын мундаг мэргэжилтнүүд авсаар ирсэн бөгөөд жагсаалтыг сонирхвол эндээс дэлгэрүүлж үзээрэй. 

Шагналын мөнгө нь 2007-2013 оны хооронд 250 000 ам.доллар байсан бөгөөд санхүүжүүлэгч нь Intel, Google нар байсан бол 2014 оноос шагналын мөнгө нэмэгдэж 1 сая ам.доллар болсон бөгөөд үүнийг Google даадаг.

Жүндийн хар морь

"Тунгалаг тамир" роман дээр Хонгорын хуриманд уригдан ирсэн Цахиур Төмөр хөтөлж ирсэн бор морио бэлэглэж өгөхдөө "за дүү минь наадах чинь хурдан морь ч биш, жороо морь ч биш, гэхдээ эр хүнийг хээр явгалахгүй л унаа даа" гэж хэлээд цулбуурыг нь гардуулж өгч байгаа тухай гардаг. Итгэлт баян үүнийг нь хараад эр хүнд унаа, тэр тусмаа ийм эрийн гараас авч байгаа морь гэж их бэлэгшээж гэж дотроо бодно. Хожим тэр бор морьтойгоо Хонгор хүү хичнээн аюулаас зайлж гарч байгаа тухай гардаг. Сайн морь эр хүний жинхэнэ нөхөр болдог байсан тухай зөвхөн энэ жишээнээс харж болно.

Дээр үед аавын нутагт (Архангай аймаг Жаргалант сум) Жүндийн хар морь хэмээх сайн морь байжээ. Жүнд гэдэг нь нэлээн өтөлсөн хойноо 120-130кг -тай өндөр бүдүүн хүн байсан гэх. Моринд сайн, сайн морь унах дуртай, морио унаад айл хэсэж халамцуу голцуу явдаг хүн байж л дээ. Сайн морь их унадаг байсан энэ хүн өтөлсөн хойноо ярихдаа би өдий олон жил наслахдаа хар морь шигээ сайн морь унаж үзсэнгүй гэж ярьж байсан гэнэ. Нэг удаа хоолт багийн төв дээр Жүндийн охиных нь бие муудаад сумын төв рүү мориор эмч авчрахаар явсан аж. Үүнд нь миний өвөө өнөөх Жүндийн хар морийг унаад явж л дээ. Хоолт багийн төвөөс гараад даваад явдаг гурван давааг давхиж даваад, цаашаагаа явахад дугтарч давхиад гар тасдчих шахаад л мөн ч тэнхээтэй адуу байж билээ гэж өвөө минь аавд ярьж байж. Аавын аав миний өвөө бол залуу насандаа Ховдын хязгаарт цэргийн алба хаасан, айл хунарын эмнэг хангал морийг сургаж, амыг нь зөөллөж өгдөг моринд эрэмгий хүн байсан аж. Тэр чигээрээ 40 50 км газар яваад Жаргалант сумын төв ороод тэндээсээ эмчийг морьтой аваад буцахад эмчийнх нь унаж байсан морь нь хар морины явдлыг даахгүй эцээд байсан гэж байгаа юм. Замд нь өртөөлөөд 2 удаа эмчийн морийг солиод буцаад Хоолт багийнхаа төвд очиж байсан байгаа юм. Ингээд бодохоор үнэнхүү тэнхээтэй сайн хүлэг байсан ажээ гэж бодогддог. 

Хар морь бол ном зохиолд бичигдсэн, домог байдлаар яригддаг халх даяар нэр алдраа түгээсэн цуутай хурдан хүлгүүдтэй хэдийгээр харьцуулагдахгүй боловч нутаг усныхандаа ам дамжин яригддаг алдартай тэнхээтэй сайн хүлэг байжээ. 

Хар морины нэг чанар бол унаж яваад буугаад морио услахад бусад морьдууд нь гүд гүд залгилж байхад ус уухгүй ганцхан балгаж амаа зайлчихаад л хярын толгой ширтээд л зогсоод байдаг байсан байгаа юм. Энэ занг нь сайн моринд л байх шинж гэж боддог.

Mobizone -н шинэ багц, хуучин багцын харьцуулалт

Мобиком үйлчилгээний үнэ тарифтаа өөрчлөлт оруулжээ. Дараа төлбөрт багцуудаа шинэчилсэн байна. Шинэчлэгдсэн багцууд нь өмнөхөөсөө хямдхан мэт харагдаж байгаа боловч улам үнэтэй болчихсон байгааг анзаарлаа. 

Zone160 гээд сард 9000 төгрөг төлдөг байсан үйлчилгээгээр жишээ авч үзье. 

Өмнө нь энэхүү багц сүлжээндээ 160 минут үнэгүй ярих эрх, бусад сүлжээнд ярих болон бүх сүлжээнд мессеж бичих 9000 төгрөгний эрхтэй байсан. Бусад сүлжээнд 1мин=75төг тарифаар ярьдаг байсан гэж бодвол 9000/75=120 минутын яриа эсвэл бусад сүлжээнд 9000/40=225 мессеж, эсвэл сүлжээндээ 9000/20 =450 мессеж үнэгүй бичих эрх дагалддаг байсан гэсэн үг юм. Сүлжээндээ үнэгүй ярих 160 минутаас гаднах 9000 төгрөгний яриа болон мессежний эрхүүдийг хольж хутгавал бусад сүлжээнд 60 минутын яриа, бусад сүлжээнд 66 мессеж, өөрийн сүлжээнд 112 мессеж гэх мэт эрх дагалддаг байжээ. Дээрх жишээн дээр авч үзсэн яриа, мессежний тариф дээр бага сага алдаа байж болох боловч ерөнхийдөө ханатай үнэ байгаа байхаа. 

Сүлжээний 160 минутын яриагаа нэмчихвэл 220 минутын яриа, 170 мессежийг (өөр тарифаар тооцогддог яриа, мессежүүдийг дундчилж тооцсон болно, энэнээс өөр хувилбар ч байж болно) суурь хураамж 9000 төгрөгөндөө зарцуулдаг байсан болж таарч байна.

Харин шинэчлэгдсэн Мобизон 9900 багц нь суурь хураамж 9900 төгрөгөндөө дагалдах эрх нь бүх сүлжээнд 200минутын яриа, 100МБ дата эрх болж байгаа юм байна. Дата эрх дагалдуулж өгч байгаа мэм харагдаж байгаа боловч 100Мб дата бол утасны дата ашигладаг хүнд бол инээд ч хүргэмээр, уур ч хүргэмээр бага багц юм л даа. Дангаар нь авбал 1000 төгрөг болдог. 

220 минут > 200 минут
170 мессеж > 0 мессеж /аль ч сүлжээнд мессеж бичсэн үндсэн суурь хураамж дээр нэмж тооцогдоно/
0Мб < 100Мб

Тойм тооцоо хийж үзвэл иймэрхүү гараад байгаа учраас хуучин багцаа илүүд үзээд байгаа юм. Ер нь тэгээд алийн болгон голон голон Мобиком хэрэглээд байж яахав өөр илүү хэрэглээ амладаг оператор руу шилжье гэж бодоод байгаа боловч олон жил хэрэглэсэн дугаар чинь хүн амьтны утсан дээр хадгалагдсан, энд тэнд элдэв бүртгэл дээр бүртгэгдсэн зэргээсээ болоод шууд орхичиход бас хэцүү байдаг юм байна. 

Facebook би чамаас татгалзаж байна.

Facebook орж таймлайн дээш доош нь гүйлгэж хайран цагаа мөн их үржээ. Facebook их дэлгэрсний улмаас ордог байсан форумууд, блогуудаараа ч орох нь багассан байна. Тиймээс Facebook ордог цагаа эрс багасгаж, тэр цагаа ашиглан мэргэжил мэдлэгтээ холбоотой шинэ зүйлс судлах, англи хэлний мэдлэгээ сайжруулах, үгүйдээ л ном уншиж байхаар эрс шийдлээ.


Хайдав - Ээждээ

Эрдэм номыг сурахаар
Энхрий хүү чинь мордож байна
Энэрэлтэй ээж минь та хүүдээ
Эрхэм сургаалиа хайрлана уу

Энэрэлтэй эжий минь та хүүдээ
Эрхэм сургаалиа хайрлана уу

***

Энэрэн өсгөсөн ээж минь 
Эрхэм сайн суугаарай
Энхрийлэн захисан үгийг тань би
Эндэгдэлгүй биелүүлж чадна

Энхрийлэн захисан үгийг тань би
Эндэгдэлгүй биелүүлж чадна

***

Эрдмийн дээдийг сураад
Эрхэм үүргээ биелүүлнэ
Эргээд ирнэ дээ хүү чинь
Элбэрэлт ээж минь баяртай

Эргээд ирнэ дээ хүү чинь
Элбэрэлт ээж минь баяртай


Малчин

Монголийн эзэнт гүрний үед амьдарч байсан ч болоосой. Ан гөрөөгөө хийгээд, малаа маллаад, дайн байлдаанд явчаад л аргамагын дэл дээр жаргалтай амьдрах байсан даа. Агаарын сайхныг амьсгалж, хүлгийн дээдийг унаж, өвсний соргог усны цэнгэгийг дагаж нүүдэллээд л. Стресс гэдэг юм тэнд л байхгүй байх даа.



VirtualBox -н Дискийн хэмжээг ихэсгэх

Virtualbox дээр суулгаж тохируулсан машины дискийн хэмжээ багадаад, нэмэх шаардлагатай болох, эсвэл хэмжээг нь багасгах шаардлагатай болбол виртуал ҮС суусан фолдер дотроо орж байгаад

VBoxManage modifyhd windows7.vdi --resize 102400

коммандыг ажиллуулна. Хэрэглэгч нь root биш бол sudo -горимоор ажиллуулна.

Хэрэв тушаал амжилттай биелэгдсэн бол

0%...10%...20%...30%...40%...50%...60%...70%...80%...90%...100%

дэлгэцэнд харуулж, ямар нэгэн алдаа гарахгүйгээр комманд төгсөнө.

Энд 
- windows7.vdi нь тухайн виртуал үйлдлийн системийн диск
- 102400 нь дискийг өөрчилсний дараах хэмжээ.