Утаа

Өнгөрсөн долоо хоногын бүтэн сайнд яармагын урагш Богд уулын энгэрт очиж цэвэр агаараар амьсгаллаа. Утаат хот маань нэг иймэрхүү л харагдаж байна даа. Юун доторч амьдраад байгаа юм мэдэхгүй ээ мэдэхгүй.

 


 Цахилгаан станцын өндөр яндан үлгэрт гардаг үүлэн дундаас тэнгэр баганадсан мод шиг харагдаад байсан шүү.


Харин энэ бол хөх тэнгэр. Миний монголын мөнх хөх тэнгэр. Улаанбаатар хотоос тэнгэрийг ингэж харах газар бараг олддоггүй бол хотоос жаахан гараад л харчих юм билээ.






Хагас бүтэн сайнд болж л өгвөл цэвэр агаарт сайн гарч, утаанд хордож байгаа уушгиа бага ч гэсэн цэвэр агаараар цэвэрлэж баймаар юм билээ.

Монгол цаг

Барс цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно
Бага насанд сурахгүй бол насны явдал хоцорно

Өвөг дээдэс маань өөрсдөө Барс цагт босож өдрийн ажлаа эхэлдэг, тийм болохоор үр хүүхдээ бас барс цагт босож ажлаа эхэлж байх, насны бага залуудаа ихийг сурч мэдхийн тэмүүлэлтэй байгаасай гэсэн хүслээс энэ зүйр үг үүссэн байх.

Эрт босвол нэгийг үзнэ
Орой унтвал нэгийг дуулна ч гэж үг байдаг. Аль болох л эрт босож бай гэж эрт дээр үеэсээ үр хойчоо сургаж байж.

Бас Нойронд сэргэг Номонд мэргэн гэх буюу Өөдлөхөд санах сэрэх, уруудахад унтах идэх гэх мэтээр ярилцдаг байж. Их унтах бол яавч сайн зүйл биш болж таарлаа шүү. Нүүдэлчдийн соёл зан заншил агуу болохоор бага унтах сайн гээд нойргүй яваад байдаг байсан хэрэг ч биш л байх л даа. Зүгээр л нүүдэлчин амьдралд унтаад нойр ханах хангалттай цагийг олж тогтоогоод, тэрнээсээ бүү хэтрүүл л гэсэн утгатай байх гэж таамаглалаа. За тэр яахав хадуурах нь.

Барс цаг гэдэг нь одооны цагаар бол 3:40 - 5:40 хооронд байх юм байна. Өглөө үнээ мал саах, малаа бэлчээх гэх мэтийн ажилгүй, 9-с ажил эхэлдэг суурин газрын мань мэт бол 3:40-с 5:40-н хооронд босчоод мэлийгээд суугаад байх нь ч хаашаа юм. Тэгээд ч одоо нарны тусгал дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас матрын зам экваторын шугам хоёрын дунд нутгаар эгц тусаж манайд өглөө бараг 7:00 гэж л гэгээ орж байгаа болохоор барс цагт босвол арай л эртдэх байх. Ер нь өглөө 6-д босож хэвшвэл зүгээр юм уу гэж сүүлийн үед бодогдох боллоо. Яагаад гэвэл өглөөд нойроо дийлж сэрж чадахгүй, оройд нь мөд нойр хүрэхгүй хандлагатай боллоо сүүлийн үед. Алийн болгон 8 хүртэл унтаж ажлаасаа хоцорч байхав дээ. Тэгэхээр эхлээд өөртөө туулай цагийн эхээр буюу 6:00-д босч байх хэвшил тогтоох гээд үзээд алдъя. Чадахгүй бол ямар ч байсан туулай цаг буюу 5:40-7:40 -д багтаад босч байх амлалт өглөө. Эрт босохоо дагаад орой эрт унтах сурах хэрэгтэй байх. Тэгэхээр босдог, унтдаг цагаа 1:30 минутаар урагшлуулаад үзнээ.

Сонирхуулаад уламжлалт билгийн тооллын цагийг оруулъя.
  1. Хулгана цаг аргын =>  23 40 - 01 40
  2. Үхэр цаг                =>  0140  - 03 40
  3. Бар цаг                 =>  03 40 - 05 40
  4. Туулай цаг                 =>   05 40 - 07 40
  5. Луу цаг                       =>   07 40 - 09 40
  6. Могой цаг                  =>   09 40 - 11 40
  7. Морин цаг                 =>   11 40 - 13 40
  8. Хонь цаг                    =>   13 40 - 15 40
  9. Бич цаг                      =>   15 40 - 17 40
  10. Тахиа цаг                  =>  17 40 - 19 40
  11. Нохой цаг                  =>  19 40 - 21 40
  12. Гахай цаг                   =>  21 40 - 23 40
 Яг одоо хонь цаг болж байгаа юм байна.


Шинэ азарган тахиа загас

Өчигдөр 5 шар орчихоод 100 айл орж загасанд зориулж ус нөөцлөх усны сав авна гэж төлөвлөөд хорооллоор замнаж явахаар болов. Хорооллоор явж байгаад 1000 барааны дэлгүүрийн ард загасны дэлгүүрүүд рүү тэсэлгүй орлоо. Дахиж мөд хороололд ирж амжихгүй байх гэж бодоод ормоор санагдаад байсан юм л даа. Тэгээд загасны дэлгүүрүүдийг хэсэж яваад ийм Петушок ( Betta Fish ) хөөрхөн харагдахаар нь авчихлаа. Уг нэр нь Betta бөгөөд орос нэрээр Петушок (Азарган тахиа) гэж нэрлэдэг. Яг байгаль дээрхийх нь нэр нь Сиамын зодоонч загас гэдэг юм билээ. pet.mn сайт дээр энэ загасны талаар маш их мэдээлэл орсон байсан. Сонирхол нэгтнүүддээ баярлалаа. 1 аквариумд 2 эр нэг дор орвол эцсээ хүртэл зодолдож үзэлцдэг сонин зантай загас болохоор тэгж нэрлэсэн байх. Зүүн өмнөд азийн орнуудаар энэ төрлийн загасыг зодолдуулах бооцоот тэмцээн хүртэл болоод байдаг юм билээ. За тэгээд эр нь хөөсөөр үүр засаж түрс шахахад бэлтгээд, эмийгээ зодож эцээгээд үүрэндээ авчирж биеээрээ биеийг нь ороож гэдсийг нь шахаад түрслүүлдэг, шахсан түрсийг нь хөөсөн үүрэндээ байрлуулж арчилж торддог гээд энэ загасны тухай сонирхууштай их юм байна. Одоо үүнийгээ амьдрал дээр харах л үлдлээ. Түрс шахах үеэс бусад үед бол их болхи, хөдөлгөөн удаантай, амьдарлын идэвхи багатай юм билээ. Хэдий тийм боловч үнэхээр царайлаг, үзэсгэлэнтэй, сүртэй загас юм билээ. Дээр нь бусад загастай их нийтэч, даруухан болохоор аквариумдаа нэгийг авч хийгээд аквариумаа чимэхэд гоё сонголт болмоор санагдсан. Зураг сонирхуулъя.

Нэвсийсэн сүүлтэй болохоор сониуч скаляр сүүлнээс нь сониучирхаж хазаж үзэж байна билээ. 

 Зодолдох болохоороо хамаг сэрвээ, сүүл, заламгайгаа дэрвийлгээд үнэнхүү үзэсгэлэнтэй болдог юм билээ. Анх аквариумд хийсний дараа миний хар сүүлт эр мечносыг өөрийн төрлийн эрэгчин байна гэж андуурснуу яасан ойртонгуут нь л зодооны байдалд шилжээд баахан л сүрийг бадруулсан даа. Сүүлдээ андуурснаа мэдсэн бололтой бантаад ойртохоо ч больсон :P

 Бусад загасыг байхгүй газраар явж байнга л ганцаараа байхыг эрхэмлэж байна. Ганцаараа дажгүй юм шиг байна лээ.

Сүүл, сэрвээний үзүүр нь ч бас л ширүүн харагдаж байна даа.

 Хүмүүс хав нохой шиг юм байна гээд байгаа. Нээрээ ч төс байнаа байна.

Аквариумны хав. 

За нэг ийм загас байна. Нэр өгдөг юм уу гэж санаад нэр бодож байгаа. Далай ээж захын зүүн талын байрны загасны дэлгүүрт эм нь байна лээ. Удахгүй эмийг нь авнаа. Загас нэмэхгүй гэж бодсон ч гэсэн тэсэхгүй юм аа.

Загасыг ямар хүн тэжээдэг вэ?

Аквариумын загас тэжээх бол хүн болгоны хийх ажил биш, тэр тусмаа сайн тэжээж загаснуудаа сайхан арчлах, үржүүлэх бол бүр ч хүссэн хүн болгоны хийж чадах ажил биш гэж би боддог. Загасыг ямар хүн тэжээдэг вэ?

  1. Загасыг хөдөлмөрч хүн тэжээнэ. Тогтмол хугацаанд усыг нь цэвэрлэх, солих, хооллох, загасандаа анхаарал хандуулах бол яавч залхуу хүний хийж чадах ажил биш. Загас хооллож, усыг нь сольж байхаас зурагтын удирдлага бариад буйдан дээр хэвтэхийг илүүд үздэг бол та загас тэжээх гэж бүүр оролд. Амьтан зовоогоод хэрэггүй. Залхуугүй боловч байгальд, амьтанд хайргүй бол дээрхийг мөн л хийж чадахгүй л болов уу. 
  2. Тиймээс загасыг амьтанд хайртай хүн тэжээнэ. Дотроо загастай, амьд ногоон ургамалтай цэвэрхэн устай, гэрэлтүүлэг нь тохирсон аквариум гэрийн уур амьсгалыг зөөлрүүлж, өнгө төрхийг хамаагүй зөөлрүүлнэ. Ийм орчинг амьтанд хайртай, уйгагүй хөдөлмөрч загасчин л бий болгож чадах билээ. 
  3. Загасыг цэвэрч хүн тэжээнэ. Байгаль дээрхийг гэрийн шилэн хоргонд бүрэлдүүлэхийн тулд нэлээдгүй хөдөлмөр, оролдлого, экологийн талын мэдлэг хэрэг болно. Бас загасны усыг солих, амьд хоолоор загасаа хооллох гэх мэт ажиллагаа нь хүний цэвэрч байдлыг мөн шалгах томоохон шалгуур юм. 
  4. Загасыг завтай хүн тэжээнэ. Дээр өгүүлсэн нөхцлийг бүрдүүлж гэр дотроо жижиг эко ертөнц бүрдүүлэхийн тулд хүн цаг заваасаа чамгүй зарцуулах болно. Өчүүхэн хугацаанд амсхийх ч завгүй хүн гэж байхгүй тул сэтгэл л байвал олдсон чөлөө завандаа загасаа арчилахаас татгалзахгүй байх. Гэхдээ л загасыг завтай хүн тэжээдэг юм билээ.
  5. Загасыг Хобби-той хүн тэжээнэ. Амьтанд хайртай гэж дээр өгүүлсэн боловч загасанд дургүй, нохой тэжээх сонирхолтой хүн байж болно. Тиймээс загасанд дуртай, загасанд хоббитой хүн л загасыг тэжээж чадна. Хэсэг зуурын, хэдхэн сар аквариумд ус хийгээд, загас авчирч хийгээд гэрэл асаах нэг хэрэг, урт хугацаанд загасыг хайрлаж, арчилж тэжээх бол ондоо хэрэг юм. Тиймээс загас тэжээх гэж байгаа бол үнэхээр хобби юу? хэсэг зуурын шохоорхол уу гэдгийг бас таних хэрэгтэй.
За дээрхээс харахад аквариумын загасанд хоббитой, амьтан хайрлаж чаддаг, цэвэрч, хөдөлмөрч, завтай хүн тэжээдэг байхнээ гээд хэлчихэд нээх буруудахгүй байх. Дээрх 5 чанараас аль нэг нь дутуу байлаа гэхэд тэжээж байх явцдаа дутуу зан чанараа өөртөө төлөвшүүлж болно. Энэ бол өөрийгээ ялан дийлж байгальд хайртай, амьтанд хайртай зөөлөн зан чанарыг өөртөө төлөвшүүлж байгаагын нэг илрэл юм болов уу гэж бодож байна.

Гэрийн бичил ертөнц

Бичих ёстой хүн л блог бичдэг гэж үнэн шүү. Бичих зүйл олдохгүй өдөр хоног өнгөрсөөр блогтоо бичлэг нэмээгүй нэлээн уджээ. Одоо блог бичдэг нэг сэдэв нэмэгдлээ. Аквариумын загас тэжээж эхлэв. Өмнө нь 10 жилд байхдаа 5-р ангиас 8-р анги төгстлөө амьд зулзага төрүүлдэг загас тэжээж байсан туршлага байгаа болохоор дахин тэжээмээр санагдсан юм. Загас тэжээх болсон шалтгаан хэд хэд байна. Загасыг залхуугүй, цэвэрч, нямбай, хоббиндоо зав гаргаж чаддаг, амьтанд хайртай хүн тэжээж чаддаг гэж боддог. Дээрх зан чанаруудыг өөртөө сайн төлөвшүүлэх, амьтныг хайрлах сэтгэлтэй болох сайн талтай учраас загас тэжээгээд үзье гэж бодлоо. Мөн гэр дотор аквариум гэсэн бичил ертөнц үүсэж түүн дотор амьдрал бий болгоно гэдэг сайхан.

Дараах үе шатуудаар тэрхүү бичил эко системээ бэлдлээ.

1. Аквариумаа бэлдэнэ.

Усаа хийгээд, халаагчаа залгаад хонуулна. Карантны ус нь хлортой байдаг болохоор карантнаас тоссон усаа дор хаяж 1 хонуулж байж загасаа хийнэ. Эсвэл Хлор арилгагч гээд загасны дэлгүүрүүдэд үрэл, эсвэл шингэн зардаг юм билээ. Яарсан үед тийм зүйл ашиглаж болох байх.

2. За усаа хонуулж хлорыг нь арилгаад, загас хийхэд тохирох темпратур хүртэл нь халаасны дараа хайрга, ургамал зэргийг хийнэ. Хайрга сонгох, ургамал сонгох зэрэгт аквариумын загас сонирхогчдын блогыг уншиж зөвлөгөө авсан. Аквариумаа тохижуулж, загасаа хийхэд бэлэн болчихоороо загасаа хийнэ.

3. Хорооллын усан оргилуурын ард байдаг загасны дэлгүүрүүдээс Амазонк ургамал, 10 мечнос, 10 суматрын барбус, 4 скаляр авсан. Дандаа нас биед гүйцээгүй жижиг загаснууд авсан юм. Жижгийг авч өөрөө томруулах нь гоё санагдсан л даа. Даанч тун санаанд ороогүй зүйл болсон нь Суматрын барбус нь 10-аараа сүрэглэчихээд Скалярныхаа сүүл сэрвээг шоглож, сахилгагүйтэж эхэлвээ хөөрхий. Уншаад үзтэл угаас энэ гайхал чинь 4-ээс дээш тоогоороо аквариумд байхаараа сүрэглээд, амьдралын идэвхи нь нэмэгдээд урт саглагар сүүл, сэрвээтэй загаснуудын сүүл сэрвээг идэж шоглодог болох нь батлагдлаа. Уг нь бөөндөө бужигнаад сүртэй хөөрхөн юм билээ. Мечносыг ч гэсэн амар тайван байлгахгүй нь тодорхой болов. Болдог бол 3-4 аквариум тавьчихаад л загаснуудыг төрөл төрлөөр нь тусад нь тэжээвэл зүгээр санагдсан. Энэ бодлоо яваандаа хэрэгжүүлнээ л гэцэн байгаа.

За тэгээд уг нь бол хөөрхөн, гэрийн уур амьсгалыг лаг гоё болгож байгаа нь нүдэнд илт. Аквариумдаа загас, ургамалнуудаа хийсэн байх үеийнх нь зураг нь энэ байна.


Ирсэн хүмүүс өхөөрдөөд л, бүгд гоё харагдаж байна гэж хэлсэн. Амьд загас, амьд ургамал, тэгээд устай цэвэрхэн шилэн сав. Хүнд сайхан харагддаг бололтой. За эхлэл нэг иймэрхүү. Янзлах засах, сайжруулах зүйл их байна. Яваандаа бага багаар нь сайжруулж аквариумаа гоё болгоноо.

Үргэлжлэл бий ... :-)


Манзуширын хийд

Блогтоо шинэ ангилал нээлээ. Энэ нь зурган блог байх бөгөөд энд тэнд өөрийн дарсан зургаа тайлбартайгаар нийтлэж байх бичлэгүүд байх болно. Хэдэн жилийн дараа үүнийгээ эргээд харахад сайхан тэмдэглэл болох байх.

Энэ ангилалын хамгийн эхний бичлэг болгоод Богдхан уулын урд Төв аймгийн төв Зуунмод хотоос холгүйхэн байрлах Манзушир хийдэд очиж үзсэн тухайгаа зурагт нийтлэл болгон бичье.

1. Манзуширын хийдийг Google Earth програм дээр зааж, улаан зураасаар тийш очих замыг зурлаа. Авто замын төв цэг хавиас 50 гаран км болж байсан санагдана.


2. Төв аймгийн төв Зуунмод хотоос хойд зүгт талыг нь шороон, талыг нь засмал замаар 17 км яваад очно. Монголчууд маш их очдог юм билээ. Дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой газар байна гэж бодсон доо. Суудлын жижиг тэрэг асуудалгүй явна, УБ хотоос холгүй тул очиж үзэхэд ердөө асуудалгүй. Харин анх удаа очиж байгаа болохоор замаа сайн мэдэхгүй төөрөөд, Дундговь аймаг явдаг замаар явчихаа шахсан билээ. :P


Манзушир хийд нь Богдхан уулын урд аманд байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг юм билээ. Төвхөний хийд, Заяийн хийд, Манзуширын хийд гэх мэт монголын том том хутагт хувилгаадын байгуулж байсан хийд, сүм дуган бүгд л газрыг тун мэргэн сонгож байгуулснаараа хоорондоо их адилхан.


Машины зогсоол дээр машинаа тавиад дотогш ороход Манзушир музей байна.Дотор нь зураг авч болохгүй гэсэн болохоор зураг дарсангүй. 

 Шинэхэн ийм хөшөө босгосн байсан. Эсвэл дээр үед байсныг нь ч сэргээсэн байж магадгүй.

 Тэртээ урд цэнхэрлэн харагдах уулын тэнд магадгүй Дундговь аймаг байгаа байх хэхэ.

Хуучин хийдийн буурь, хэдэн халгай ургасан гэрийн буурьнаас өөр зүйл бол ховор юм билээ.

За энэ ямар гэлээ нэг хийд нь буулгаагүй үлдсэн байсан. 

Дотор нь зураг авч болж байсан тул зөндөө зураг дарсан даа.

 Чулуун бурхнууд зөндөө зурсан байдаг юм билээ. Манай Булган уулын Зонхов богдын дүр шиг.

Хийдийн буурь харагдаж байна.

Энэ зургыг эхнэр маань авсан байх. Би ийм цэцгийн зураг авдаггүй л дээ. Эхнэртээ зориулж Макро дуран авах хэрэгтэй юм байна даа.


Тогоо. Магадгүй сүм хийд мандаж байх үед энэ тогоонд 5 хонины мах зэрэг чанадаг байсан байж болох юм.

Хийд рүү өгсөх замд.


 Нураагаагүй үлдсэн дуган.













Манзуширын хийд маань нураахаас өмнө ийм байсан гэнээ. Ардын хувьсгалын дараа соёлынхоо хичнээн их өвийг хий дэмий галдан шатаагаа вэ???

Манзушир хутагт гэлүү дээ. За андуурсан байж болох юм. Ум ма ни бад ми хум.

Догшин дүртэй бурхан.











За манзурын талаар нэг иймэрхүү. Нийслэлээс ойрхон ер нь бол ойр ойрхон очиж үзэхэд сайхан л газар юм билээ. Өвөл нэг очиж үздэг юм билүү.


Recover root password in ubuntu

Нэг өдөр ажлын нэг сервер рүү ssh - ээр холбогдчихсон сууж байгаад, орой явахын өмнө терминалаа хаах гэтэл сервер маань үдээс хойш reboot хийгдээд холболт салсан байлаа. Гайхаад дахин ssh - ээр орох гэтэл root хэрэглэгчийн нууц үгийг сольсон байв. Системд маань халдлага хийж root эрхээр ороод нууц үгийг нь сольчихож гэсэн хардалт төрөв. Гэхдээ яаж ???

Энэ серверийг интернет хандалттай болгох гээд firewall дээр NAT хийчихсэн байсан нь халдлагад өртөх бай болоход нөлөөлсөн бололтой.
Ингээд хэрхэн root хэрэглэгчийн нууц үгийг сэргээх талаар судалж, хэдэн арга сонгоод туршиж үзэхээр сервер дээрээ өөрийн биеэр хүрэлцэн очиж дэлгэц, гар залгаад эхний аргыг хэрэглэсэн нь болчихлоо.

Урааа амархан юм байна!!! Сервер маань Убунту сервер 10,4 үйлдлийн системтэй байсныг энд хэлэх нь зүйтэй байх.

Ингээд дараа мартахгүйн үүднээс энд оруулаад баримтжуулчихья.

1. Серверийг reboot хийнэ.
2. Хэрэв сервер чинь single boot - тай бол ESC товчлуур дарж, GRUB -н дэлгэцийг гаргаж ирнэ. Dual Boot - тай бол ESC дарах шаардлагагүй GRUB -н сонголтууд гарч ирнэ.
3. GRUB - н бүүт хийх сонголтуудаас Recovery Mode - г сонгоно.
4. Орсоны дараа Boot - н default тохиргоонууд гарч ирэх бөгөөд үүнээс kernel-г сонгож чиглүүлэгчээ аваачаад, гарныхаа "e" товчлуурыг дарж тухайн мөрийг засварлах сонголт руу орно.
5. Ингэхэд kernel - р бүүт хийгдэх параметерүүдийн жагсаалт гарах бөгөөд мөрийн төгсгөлд нь single rw init=/bin/bash мөрийг нэмж бичээд ENTER дарна.
6. Мөрийг засварлаж дууссаны дараа recovery mode - р boot хийж ороод passwd root гээд root хэрэглэгчийнхаа шинэ нууц үгийг оруулна.
7. Нууц үгийг оруулаад компьютерээ reboot хийгээд, хэвийн тохиргоогоор нь орно.

Дээрх хэдэн алхамын дагуу ажиллаж root хэрэглэгчийнхаа нууц үгийг сэргээгээд, root хэрэглэгчийн бичсэн түүхийг харахад тун сонирхолтой коммандуудыг терминал дээр өгч байсан нь харагдав. За энэ ч сонин биш, нэгэнт root эрхтэйгээ болоод авсан хойно хийсэн зүйлүүдийг нь буцаалаа. Азаар ноцтой зүйл хийгээгүй байв.

Эндээс ойлгосон зүйл гэвэл: root хэрэглэгчийнхээ нууц үгийг олигтойхон том жижиг үсэг, тоо, тэмдэгт оролцсоноор өгч байх. Бас англи хэлний үгийн санд байдаггүй үгээр өгөх нь үр дүнтэй. Учир нь миний нууц үг англи хэлний үгийн санд байдаг, 6 тэмдэгттэй байсан нь dictionary attack хийж олоход төвөггүй байсан бололтой. NAT хийгдсэн гэдгийг нь мартаад, гаднаасаа Firewall - р хамгаалагдсан тул яав л гэж гээд нууц үгээ анхаараагүй нь алдаа болсон байна.