Улирлын тоглолт дуусчихлаа. Өдөр болгон Яахоо руу орж тоглолтын мэдээллийг нь харж, завтай өглөө НБА гаргадаг хэдэн сувгаараа тоглолт гарч байвал үзэж суусаар улирлын 2460 тоглолтыг дуусгалаа. Болсон тоглолтын үр дүнг харж, багууд хэддүгээр байрт явааг ажиглаж, дотроо битүүхэн таамаглаж, бас ч дэмжээд байгаа хэдэн багаа хэрхэн тоглохыг нь харсаар уйдах завгүй өнгөрүүлсэн улирлын тоглолт байлаа.
Харамсалтай, сэтгэл догдлуулсан, бахархмаар зүйлүүдээр дүүрэн улирал болсон гэж би дүгнэж байна.
Өрнөд дорнод хоёр бүсийг тэргүүлсэн хоёр багийн хувьд гэвэл хоюулаа энэ улиралд гайхамшигтай байлаа. Тэр тусмаа Клийвлэнд Кавалийрсийг энэ улиралд ингэж тоглоно гэж ёстой хэний ч санаанд ороогүй байх. Ийм бүрэлдэхүүнтэй баг энэ зэргийн тоглолт үзүүлнэ гэдэг бол нэг талаас нь авч үзэхэд багийн манлайлагч Жэймс-тэй 100% холбоотой, мөн нөгөө талаас тайлбарлахад бусад багууд муу байна гэсэн үг. Тэд нийт 66 ялалт байгуулсаны дотор өөрийн талбайдаа хийсэн 41 тоглолтийнхоо 39-д нь ялсан байх юм. Гайхамшигтай биш гэж үү. Тэр ч байтугай 39 биш 40 хожиж болох л байсан. Улирлын хамгийн сүүлийн, тэртэй тэргүй тодорхой болсон тоглолтонд багийн гарааны бүрэлдэхүүн бараг тоглоогүй, тэр дотроос Жэймс нэг ч минут тоглоогүй учраас хожигдсон байх. Гэхдээ 66 67 хоёрын хооронд ялгаа байхгүй л дээ. Тэртэй тэргүй хожлийхоо тоогоор НБА-г тэргүүлэх нь тодорхой болсон байсан л даа. Эцэст нь хэлэхэд: Гайхамшигтай байсаан.
Нөгөө бүсээс харин Лейкерс маань 65 хожин түрүүлж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. хэхэ. Лэйкерс 65 хожиход хэн ч нээх их гайхахгүй байгаа нь анзаарагдсан. Тиймээ тэртэй тэргүй Коби ахлагчтай, тэгээд ийм бүрэлдэхүүнтэй баг, нээх их гайхаад байх зүйл алга даа. Улирлын дунд Байнумыг гэмтэхэд ноднингийнх шиг юм болох вий гэж айж л байлаа. Гэхдээ улирлын сүүлээр Байнум ч орж ирсэн, тоглолт нь ч муугүй байгаа нь харагдлаа. Тэгэхээр НӨҮ ПРОБЛЕМ. Машиндаад байх л үлдлээ.
Өрнөдийнхэн энэ удаад өнгөрсөн жилийнхтэй адилаар бас л нэгийгээ үзэж нэхий дээлээ зулгаалцаж, цусаа урсган байж цааш өрсөлдөх эрхээ олж авцгаасан. Улирлын тоглолтын хамгийн сүүлийн өдрийн тоглолтийн үр дүнгээр л 2-7 - р байруудад ямар баг орох нь шийдэгдэж байх шив дээ. Сонирхолтой биш гэж үү.
Өрнөдийнхэн хожлийн тоо нь энэ улиралд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг буурсан харагдсан. Хоорондын асар хүчтэй тэмцэл нь үүнд нөлөөлөө биз дээ бодвол. Жишээ нь өнгөрсөн жил Алтан мужийн дайчид 48 ялалт байгуулсан хирнээ Плэйоффын гадна үлдэж, 9-р байранд орж байсан бол энэ жил наймдугаар байраар шалгарч байгаа Юта Жаз 48 хожсон байна. Өнгөрсөн жил эхний найман баг 50+ хожсон, түүний дотор нэгээр шалгарсан Лэйкэрс 57 хожиж байсан бол энэ улиралд эхний 6 баг 50-иас дээш хожиж, харин эхний баг нь бусдаасаа арай тасрах маягтай 65 хожлоо.
Дорнодынхон бол угаасаа л өрнөдөөсөө жаахан сул байсан, энэ жил ч гэсэн энэ нь хэвээрээ л байна. Өнгөрсөн жилийнхээс арай чангарсан байж болох юм. Хоёр баг нь 60-аас дээш хожсон, ганцхан баг 50-с дээш хожсон, бусад плэйоффд шалгарсан багууд нь 39-47 -гийн хооронд хожицгоожээ. Жишээ нь өнгөрсөн жил Алтанта Хавкс 37 хожиж бүсийнхээ наймаар шалгарч байсан бол энэ жил ч гэсэн нэг их дээрдээд байх юмгүй, Детройт 39 хожиж наймаар шалгарчээ. 4-т шалгарсан Атланта хэрэв өрнөдөд байдаг байсан бол Плэйоффийн гадна үлдэнэ гэх жишээний. Чанарын ялгаа харагдаад л байгаа юм, тэгсэн хирнээ л Дорнодын баг аварга болчихоод байгаа юм.
Багуудийн хувьд нэг иймэрхүү. Харамсалтай бэртэл гэвэл Финиксийн Студмаер, Спурсын Жинобили хоёр шив дээ. Хэрэв Амаре тоглосоор байсан бол Санс урьд урьд жилүүдийн адил Плэйоффд өрсөлдөх л байлаа, харин Жинобили гэмтээгүйсэн бол Спурс сондгой тоотой жилийхээ амжилтыг үргэлжлүүлэх байсан юм.
Энэ улиралд Дээни Грэнжэр, Брэндон Роу, Кевин Мартин, Нэйт Робинсон, Андрью Байнум тэргүүтэй залуучууд өөрсдийгээ харуулж, ирээдүйд лийгийн өнгө төрхийг тодорхойлох болно гэдгээ хэлээд ч байх шиг. Бэртлээс эргэн ирсэн Вэйд онооны лидэр болж, багаа өнгөрсөн жилийнхээс нь 28-аар олон хожуулсанаар плэйоффт чирсээр гаргаж ирсэн бол өөр нэг тэсрэлт нь Орландо Мэжик, Атланта хавкс, Портлэнд Трэйл Блазэрс багууд байсан гэж бодож байна. Бас Деррик Роүс, Майкл Бизли, Өү.Ж.Майо нарын рүүки тоглогчид сайхан тоглож, багагүй ирээдүй бий гэдгийг харууллаа. Улирлын тоглолт өрсөлдөөнтэй, үзүүштэй, сайхан болсон, бүх оддын тоглолт сайхан болж өнгөрсөн гээд энэ улирлын тоглолт бол дүгнэж хэлэхэд онц гэсэн үнэлгээ авахаар улирал байсан гэж бодож байна.
Энэ улирлын хувьд товчхондоо нэг иймэрхүү. Одоо плэйоффд шалгарсан багууд нь өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлж, шалгараагүй багууд нь ирэх улиралдаа бэлтгэж, амарцгаана.
Хойтонгийн улирлын тоглолт хол байна даа хол байна.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment