Саяхан найзуудтайгаа нэг найзынхаа охиныг эргэхээр очих гэж байхдаа бөмбөгөрөөр дайрсан юм. Найзууд тийшээ орж, би гадаа сууж байтал над дээр нэг банди ирдэг юм байна. Ахаа зүүлт авахгүй биз гээд ханцуйнаасаа улаан хайрцагтай зүүлт гаргаад ирдэг юм байна. Үүнийг хараад л хоёрдугаар курст байхад тохиолдсон нэг явдал санаанд орж ирдэг юм байна. Юу болсоныг өгүүлье.
Намар 9 сард нартай сайхан өдөр найзтайгаа Чингис зочид буудлын ард алхаж явлаа. Өөдөөс 1 үеийн гэмээр залуу ирж явна. Бид хоёртой зөрөх үедээ саатаж, эмэгтэй хүний хүзүүний зүүлт авахыг санал болгосон юм. Тэр нь улаан хайрцагтай, нилээн бүдүүвтэр, зоос гоёл гэсэн шошготой, харахад ч сайхан эд байлаа. Шошгон дээр нь байгаа үнийг харахад 280 000 төгрөг гэж бичсэн байсан. Бид 2 ч жаахан сонирхчихсон чинь сүүлдээ бүр салахаа байж, хямдхан авахыг гуйлаа. Тэр ярихдаа дэлгүүрээс хулгай хийчихсэн юм, уг нь үнэтэй сайхан зүүлт, мөнгө яаралтай хэрэг болоод, хямдхан зарах гэж байгаа гээд, бид хоёроос 50 000 -д авахыг гуйж билээ.
Цуг явсан найз маань ч нэлээн сонирхож байлаа. Найздаа дэмий байх гэж шивэгнээд, бид хоёр явах болтол нөгөөдөх чинь бүүр салахгүй шаналгаад, манай хүний нэлээн сонирхоод байгааг мэдчихээд, үнээ буулгаад авахыг санал болголоо. Найз маань 20 000 төгрөгтэй байсан бөгөөд, нөгөө зүүлтийг үнийг нь буулгасаар байгаад, байсан 20 000 -даа авсан юм. Бид 2 ч авчихаад ямар ч гэнэ халгүй явж л орхисон, нөгөө наймаа хийсэн залуу ч гэсэн нөгөө тийшээ явж одлоо.
Тэгсэн сүүлд нь нөгөөдхийг чинь хүнд үзүүлсэн чинь хулхины эд байна гэж хэлсэн гэсэн. Таван зуун төгрөгөөр зардаг хулхи зүүлт байсан юм гэнээ. Бид хоёрт ч том сургамж болсон доо. Оюутан хүнд хорин мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Муу залилан хийсэн этгээдийг л хараагаад хоцорсон доо дараа нь. Хайран хорин мянган төгрөг. Ийм л явдал тохиолдсийм даа.
Эртүүд бөмбөгөр дээр явж байхад тааралдсан зүүлт бол яг л тийм зүүлт байсан юм. Шал дургүй хүрээд, энийг чи хаанаас хулгай хийсэн, хоёулаа цагдаа дээр очно доо гэсэн чинь зүүлтээ гялс шүүрч аваад, зам хөндлөн гараад гүйгээд явчихаж билээ. Би биш ч гэсэн өөр хэн нэгэн залилуулна гэж бодохоос харамсмаар. Ямартай ч энд тэндээс элдэв алт мөнгөн эдлэл авахгүй байхыг эрхэм уншигч танд зөвлөе.
1 сэтгэгдэлтэй:
medmeer l um bn
Post a Comment