Ж-Мобайл болон Мобиком, Скайтел, Юнител нарын хооронд өнгөрсөн долоо хоногт багагүй үл ойлголцол гарч, нөгөө гурван оператор нь Ж-Мобайлтай холбодог хоорондын холбоогоо таслачихсан. Би өөрөө Мобиком хэрэглэдэг, миний танилийн хүрээнд Ж-Мобайл хэрэглэдэг хүн байдаг тул хоорондын холболтоо салгаснаас хойш тэдэнтэй холбогдох гэж бас л зовох боллоо.
Өчигдөр Мобиком, Скайтел, Юнител нар хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулсан юм байна. Орой нь мэдээ үзээд сууж байхад энэ хурлын тойм гараад, Мобикомын захирал Болор дараа нь сэтгүүлчтэй уулзсан ярилцлага нь гарсан.
Түүнийг үзээд аргагүй бухимдлаа.
Тэрээр хэлэхдээ Ж-Мобайл үнийг хэтэрхий доогуур тогтоож, үнийн дайнд уриалан дуудлаа гэж байсан. Компани бүх зарлага, орлого ашгаа тооцож үзээд, холболтыг байж болох хамгийн бага хэмжээнд нь хүртэл бууруулсан нь буруу гэж үү. Үнэ буурснаар уг нь хэрэглэгч л хожно шүү дээ.
Бас үйл ажиллагааны зардлаас бага үнэ тогтоож болохгүй гэнэ үү?
Ямар үнэ яаж тогтоох, үйл ажиллагааны зардал нь тогтоосон үнэнээс нь бага байна уу их байна уу гэдгийг уг нь уг компани өөрөө л мэдэж, өөрснөө зохицуулах эрхтэй байх байлгүй дээ. Эсвэл Мобикомын захирал Ж-Мобайлын ажлыг урдаас нь хийж өгөх ёстой байдаг юм болов уу. Уг нь бол өөр операторуудад нэг их хамаагүй л баймаар юм. Чадаж л байвал, үйл ажиллагаа нь алдагдалд орохгүй л бол үнээ буулгаж л байх ёстой юм биш үү.
Эцэст нь тэрээр үнийг хэтэрхий буулгаж, үнийн дайнд уриалан дуудаж, төрийн байгууллагыг үнэгүйдүүлсэн Ж-Мобайлын энэ үйлдэл нь монголын харилцаа холбооны хөгжлийг нэг алхам ухраалаа гээд авна лээ.
Яагаад тэр вэ ?
Үнэ буулгаж хэрэглэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх боломжыг олгох нь хөгжлийг хойш нь татах үйлдэл болох юм гэж үү.
Нэгэнт хүчээ аваад томорчихсон Мобиком, Скайтел нартай өрсөлдөх нэг том үзүүлэлт нь үнэ болно гэж бодож байна. Хэдийгээр санхүү, маркетингийн хууль, бизнесийн элдэв дүрмүүдийг мэдэхгүй боловч хар ухаанаар бодоход л Ж-Мобайл буруу юм хийгээгүй л санагдаад байх юм.
Өрсөлдөгч нь хэтэрхий бага үнэ санал болгосноор хэрэглэгчээ алдахаас айсан учраас л ийм алхам хийж, ийм ядмаг тайлбараар өөрсдийгээ хамгаалж байгаа нь үнэхээр ичгүүртэй санагдлаа.
Хэрэглэгчдээ алдана гэж санаа зовоод байгаа бол дагаад л үнээ буулгах л хэрэгтэй биз дээ. Шударгаар өрсөлдчихөж чадахгүй, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироож ийм бусармаг юм хийж байх ч гэж дээ. Дампуурсан, хүчгүй төр засагтай улсад хувийн байгууллага нь хүртэл ийм хүчирхэг, дээрэнгүй, юу хүссэнээ хийж чаддаг болохыг өөрийн нүдээр харлаа. Бурхангүй газрын бумба галзуурна, бухгүй газрын шар галзуурна гэгчээр.
Бас нэг алхам ухраалаа гээд байгаан шүү!!!
1 сэтгэгдэлтэй:
Энэ ч их хуучин сэдэв байна л даа. Гэхдээ Бизнесийн ёс зүй гэж нэг юм байна. Мэдээлэл Холбооны Сүлжээ компани сувагаа нөгөө 3т нь үнэтэй түрээсэлчихээд зөвхөн Жи-д үнэгүй өгч байгаа нь өөрөө "улсын" байгууллагын хувьд их зохимжгүй юм л даа
Post a Comment