Өөрийн захиалан уншдаг "Үндэстний тойм" сэтгүүлийн 2011/06/06-ны №22(70) дугаар дээр нийтлэгдсэн Д.Энхболдбаатарын "Өөд өөдөөсөө өрсөн өөр өөр монгол" нийтлэлийг илүү олон хүн уншаасай гэсэн үүднээс өөрийн блог дээрээ ямар нэгэн өөрчлөлтгүйгээр хуулан бичлээ. Энэ нийтлэлийг уншаад нэгийг бодож, өөрсдийн болон үндэс угсаа нэгтэй өвөрмонгол ахан дүүсийнхээ өмнө ямар ирээдүй хүлээж байгааг бодон тунгаана бизээ. Сэтгэл эмзэглүүлсэн бодит үнэн, харамсаад ч барахгүй түүхийн нугачааг яалтай билээ.
МЭРГЭНИЙ МӨР
Толгой хэсэг нь улаан нялга болж, хоёр хөл нь санжигнан няцлуулсан хүний цогцсыг хүрэн дээлтэй өвгөн засаж байгаа дотор арзганам зураг интернетээр цацагдаж дэлхий нийтийг хиртхийлгэлээ. Хятадын тээврийн "Чун Чэнг Групп "-ийн жолооч нүүрс тээвэрлэдэг хүнд даацын машинаар өвөрмонгол малчныг санаатайгаар дайрч хороосон хэрэг явдлын дуулиан өнгөрөгч сарын эхээр ийнхүү боссон юм. Энэ компаний тээвэрчид баруун Үзэмчний газар нутгыг талхиж, талын бэлчээрийг доройтуулан, дурын газраар хэдэн арван салаа зам гарган давхих болсныг малчид эсэргүүцэн тэмцэж байжээ. Тэмцлийг удирдаж байсан хүмүүсийн нэг нь тэрхүү машинд дайруулсан, талийгаач Мэргэн аж. БНХАУ-ын харьяанд, өөртөө засах автономит эрхтэйгээр оршиж байгаа Өвөр Монголын тухай, тэндхийн хүмүүсийн эрх, эрх чөлөөний тухай бидний бараг мартах шахсан сэдвийг энэ үйл явдал зүй ёсоор сэдрээв.
Санаатай аллага үйлдсэн хятад жолоочийн хэргийг хууль хяналтын байгууллага нь хэрэгсэхгүй болгох тал руу хазайлгаж эхэлсэн нь "даарин дээр давс" гэгч болж, Хошууны засгийн газарт талийгаачийн хэргийг зөв шийдүүлэхийг шаардахаар явж байсан хүмүүсийн заримыг замаас нь баривчилсан явдал бүр ч тос нэмлээ. Ингээд Баруун Үзэмчний төв хот Балгар голд малчид цуглан жагсаж, тэднийг цагдаагийн 100 гаруй, цэргийн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүчнийхэн элбэн хориглож эхэлсэн юм. Тэд 100 гаруй тооны малчдыг баривчилсан гэсэн албан бус мэдээ цацагдаж байна. Дараахан нь оюутан, сурагчид жагсаж, Хятадын засаг захиргаанаас шударга ёс, хүний эрхээ нэхэв. Тэмцлийн үеэр бас нэг охины хоёр хөлийг машинаар дайрсан байна.
Бүтэн өдөржин цувааны замыг хааж зогссон малчдын зарим нь малаа хотлуулах, цай унд уухаар явсан хойно архи ууж халамцсан хятад жолооч нар "Манай машин даатгалтай юм чинь нэг муу малчинг дайрахад 40 000 юань л төлнө. Асуудалгүй дайраад гаръя" хэмээн ярилцаж байжээ. Энэ яриа Хятадын жижиг үндэстнүүддээ чиглэсэн бодлого, хүний эрхийн хэм хэмжээг "илчиллээ" гэж дүгнэхэд хилс болохгүй. Монгол хүний "үнийг тогтоосон" жолооч нар бүрэнхий болоход гэрлээ асаан хөдөлж, гурван малчин өөдөөс нь гараа алдлан зогсоохоор оролдохыг юман чинээ тоолгүй хурдаа нэмж малчин Мэргэнийг дайран, 150 метр газар чиржээ.ЦӨХРӨЛИЙН ЖИНДЭЭ
Хятадын албан ёсны мэдээллийн сайтуудад улсын даргын орлогч Си Жиньпин Италид айлчилж байна, хүүхдийн эрүүл мэндийн байдал илт сайжирч, эндэгдэл зэрэг эрүүл мэндийн үзүүлэлт хөгжингүй орны дунд зэргийн төвшинд хүрсэн, ХКН-ын Гадаад Харилцааны Газрын дарга Ван Жярүй Бээжинд Монгол улсын ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нартай уулзав, Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт спортын ёсдүгээр наадмын бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна, Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ой тохиож байна гэхчилэнгийн мэдээллүүд хөврөхийг үзвэл энэ оронд гайхалтай амар амгалан байгаа мэт сэтгэгдэл төрнө. Гэвч үнэндээ байдал тийм ч сайн биш байгааг ойрхоны шил дараалсан үйл явдлууд харуулж байна. Төвд, Шинжаан, Тайваны эргэн тойрны үйл явдлуудыг эргэцүүлсэн мэргэжилтнүүд "тэсрэхэд ганцхан сэжим" үлдээд байна гэж таамаглаж байгаа. Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Хятадын эдийн засгийн дотоод бугшмал байдал сэжүүрээсээ ил болоход хүрч, ялангуяа ажилгүйдэл, инфляцийн нөлөөлөл асар олон үндэстэн, уламжлал, шашин, түүхийн зөрчилдөөн бүхий энэ их гүрнийг үндэс сууриар нь ганхуулж эхэлсэн юм. Мэргэжилтнүүдийн "хүлээж" байсан "ганцхан сэжим" нь Өвөр Монгол байсан юм биш биз гэсэн цуу, дуулиан нэгэнт газар авчээ.
Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэж ярьдаг. Харин цөхрөл хэзээ эхэлдэг юм бол? Баруун Үзэмчиний хэрэг явдал зүгээр л "бөглөө мулталсан" хэрэг бөгөөд жинхэнэ учир шалтгаан бүр ӨМӨЗО байгуулагдсан цагаас, түүнээс ч өмнөх үеийн тусгаар тогтнолын эрмэлзлээс эх үндэстэй нь мэдээж юм. Энэ хугацаанд өвөрмонголчууд Ар Монголоо улс төрийн түшиг тулгуур болно гэж удтал найдан хүлээсэн. Гэвч Ар Монголд нь тийм чадвар, эр зориг байсангүй. Ингээд тэд цөхөрч, итгэл алдаж эхэлсэн нь саяын хэрэг явдалд хандаж байгаа хандлагаас харагдаж байна. "Ар Монголчууд хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй, үхээнц дорой байна", "Монголын төр, засаг элэг нэгтнүүдийнхээ төлөө огтхон ч дуугарахгүй байгаа нь жигшүүртэй байна" гэхчилэн бичсэн сэтгэгдлүүд, геополитикийн шинэ нөхцөл байдлыг задлан шинжилж, урьд өмнөхөөс илүү глобал маягийн санаа дэвшүүлсэн нийтлэл зэргээс үзвэл одоо тэд биднийг харахаа больсон нь мэдэгдэнэ. Энэ цөхрөл чухам хэзээ эхэлсэн юм бол?
ЗОВЛОНГИЙН ДУРСАМЖ
Өвөрлөгчдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч асан Даваасамбуугийн Мөрөн хэдэн жилийн мөнө бичсэн "Миний өчил" нийтлэлдээ ӨМӨЗО-ны нөхцөл байдлыг гайхалтай зураглан өгүүлжээ. Тэрээр Сөнөд хошуунд 1964 онд төржээ. Түүнийг таван настай байхад буюу 1969 онд өөрийнх нь нэрлэснээр "их хядлага" болсон гэжээ. Намтар дурсамж гэж болох нийтлэлдээ тэр, "тэр үед миний дүү охин нэг настай байлаа. Эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт хоригдож байлаа. Ээж маань хааяа ганц нэг ирээд дүүг хөхүүлдэг. Нэг охин дүү өвчлөөд байхад Маогийн томилсон, монголчуудад туслах гэсэн нэртэй эмч нар муу хүний хүүхэд, улсаасаа урвагчийн зулзага гээд хорт зүү тавин алав. Миний эцэгтэй хамт ажилладаг Монгол улсад сургууль төгссөн эмэгтэй багшийг Монголын тагнуул хийсэн баримтаа гарга гэхэд угаас түүнд тийм баримт байхгүй тул эхлээд хятад эмэгтэй Ху овогт, дараа нь бусад алан хядагч нар түүний бэлэг эрхтнийг нь олсон дээсээр хөрөөдөж дараа нь бэлэг эрхтэнд нь цаасан буу тавьж алсан байлаа. 1968-1969 онуудад 45953 хүн алагдав. Мөн 79000 хүн тахир дутуу болов. Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх. Орчлонгийн бүх эрүүг амсуулан "Өвөр ардын нам", "Дугуй нам", "Залуусын нам", "Нэгдмэл нам", "Найрамдал нам", "Соёл нам", "Ардчилсан нам", "Өвөр ардын эвсэл", "Улаан булан нам", "Тусгаар нам", "Зүйтэй нам", "Элсэн нам", "Цэвэгжавын нам", "Цогбадрахын нам", "Бургасан нам", "Архичин нам", "Хүүхэнчүүд нам", "Хомоол нам", "Аргал нам", "Чимэглэл нам" зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ" гэхчилэн бичжээ. Тэрээр Өвөрмонголдоо байх аргагүй болж, Шведэд дүрвэн амьдарч байгаад 2003 онд таалал болсон юм.
"ШИНЭ МОНГОЛ" ҮЗЭЛ
Улаанбаатарт аспирантурт суралцаж байгаа өвөрлөгч нөхөртөө би "цөхрөл хэзээнээс вэ?" гэсэн асуултаа тавив. Тэр миний анзааргатайг олзуурхангаа, үнэхээр өвөрмонголчууд ар монголчуудаасаа юу ч хүсэн хүлээхээ больсныг "илчилсэн" юм. Түүний тайлбарласнаар, 100 жилийн өмнөх Богд хаант Монгол Улсын үед ид сэргэн идэвхижсэн "Нармай Монгол"-ийн үзэл санааг өнөөгийн ар монголчуудын "Шинэ монгол"-ын үзэл санаа гээчтэй сөргөлдүүлэн тавьж буй юм байна. "Шинэ монгол" үзэл гэдэг нь хуучин Зөвлөлтийн оролцоотойгоор одоогийн Монгол Улсыг байгуулсан Большевик маягийн дотоод, гадаад бодлогоор боловсорогдож, улмаар Орос, Хятад гэх хоёр гүрнээс мөнхийн харьяат байдалд "төвийн сахисан", "дипломат улс төр"-ийн аргаар олон улсын эрхээ "баталгаажуулсан", хэтдээ нийт монголчуудын оршин тогтнох эсэх эрх ашгийг төлөөлүүлсэн үзэл гэх. Энэ нь зөвхөн Монгол Улсын хилийн дотор л монголчууд монгол биш болсон гэх "шинэ үзлээр" баяжсаныг ч тэр тайлбарласан юм. Өвөрмонголчууд нэгэнт хятадчилагдаад дууссан тул тэдэнтэй нэгдэж нийлэх нь харин ч "оргиналь" монгол үндэстнийг уусган мөхөөх аюултай гэж. "Шинэ Монгол" гээч үзэл санаатай болчихсон ар монголчуудаас юу ч хүсэн хүлээгээд нэмэргүй агаад геополитикийн хувьд ч бие биендээ өмөг түшиг болж чадахгүй гэсэн цөхрөлөөр тэд нэгэнт "өвчилчихжээ". Цаашлаад "Шинэ Монгол" үзэл санааны уг сурвалж нь Хятадын уусган устгах бодлого бөгөөд "Монголын төрийн өндөрлөгт байгаа эрлийз голцуутай лобби бүлгээр дамжуулан Хятад өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлж байдаг" аж.
"АР ТАЛ"-ЫН АСУУДАЛ
Төвдөд явуулж байгаа хөрөнгө оруулалтын болон засаг захиргааны шинэчлэлтийн бодлогодоо илүүтэй анхаарал хандуулж байгаа Хятадын засгийн газарт Баруун үзэмчиний жижигхэн "будлианыг" ойшоож үзэх ноцтой нөхцөл байдал бий болоогүй ч гэлээ Өрөмчийн бослогыг дарсан үеийнхтэйгээ яг адилаар интернет болон мэдээллийн сүлжээг тасалж, хил гаалиар орж гарах хөл хөдөлгөөний хяналтыг чангатгажээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 23-нд болсон жагсаал цуглааны мэдээг мэдээлснээс хойш өвөрмонголын "үндэсний үзэлтэй" блог, сайтууд ямар ч шинэчлэл хийхгүй боллоо. Саяхан албан хэргээр Хөх хотод оччихоод буцахдаа нэг танил маань, хилийн шалган дээр нөүтбүүкээ асааж шалгуулан, сүүлийн үед бичсэн хувь, хувьсгалын бүх мэйлээ үзүүлж, утга агуулгыг нь тайлбарлаж байж гарч иржээ. Жагсаал цуглаанд оролцсон болон баривчлагдсан хүмүүс хэрхсэн талаар мэдээлэл олж чадсангүй. Энэ удаагын бяцхан тэсрэлтийг Хятадын Засгийн газар ингэсгээд нухчин дарчих л байх. Учир нь бидэнд итгэж найдахаа болиод, цөхөрч гүйцсэн өвөрлөгчдөд маань "жинтэй ар тал" байхгүй байгаа нь асуудал юм. Төвд, Шинжааны тэрслэгчид манайхны хэлэх дуртэйгаар "стратегийн" холбоотнуудтай. Тэмцэж архагшаад, лууг атиралдуулж, арвагануулж чаддаг болчихсон хүчнүүд. Хэдий тусгаар тогтнолын олон жилийн тэмүүлэлтэй ч гэлээ өвөрмонголчууд том колончлогчдоо арай л "жижигдэнэ".
АНУ-ын Номхон далайн тэнгисийн флот "Шинжаан бол хоёрдахь Косово" гэсэн агуулга бүхий хээрийн сургуулилтыг саяхан Казахстанд хийсэн. Өнгөрсөн онд Солонгосын хойгт дайн дэгдээх шахсан цэргийн сургуулилт нь АНУ цэрэг эдийн засгийн сонирхлоо Ази, Номхон далайн чигт хандуулсны хамгийн бодитой нотолгоо болж өнгөрсөн. Эдгээр бүс нутгийн улс төрийн үйл явдалд АНУ түлхүү анхаарч, тэр байтугай Ойрхи Дорнод болон Номхон далай гэсэн хоёр чиглэлээр "цөмрөн орох" бодлого баримталж байгаа нь Хятадын хойд нутгийнхны хувьд шинэ нөхцөл бий болгож байгаа гэж дүгнэх үндэс болж буй. Японтой эдийн засгийн болоод улс төрийн холбоотны харилцаатай АНУ-ын гүн гүнзгий шинэ түнш нь БНСУ болсныг үйл явдал нэгэнт харуулсан. АНУ-Япон-Солонгосын энэхүү ашиг сонирхлын тэнхлэгт байгалийн баялгийн "сүүлийн түшиц газар" гэгдэж байгаа Зүүн хойд Азид тулах гэц хэрэгтэй гэж стратегийн мэдлэгтэй зарим хүн дүгнэлт өгч буй. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн зарим судалгаанд 2030 он гэхэд манай гаригийн эх газрын хэвлийн нөөц баялаг үндсэндээ дуусгавар болох ба зөвхөн Төв болон Зүүн хойд Азийн тэгш өндөрлөг, далай тэнгисийн гүний нөөц дэлхий нийтийн материаллаг эрэлт хэрэгцээг хангана гэж үзэж байгаа юм. Энэ мэт барим тавим таамаг, судалгааны дүн нь ортой, оргүйн алин байлаа ч нөлөө бүхий гүрнүүдийн ашиг сонирхлыг огтлолцуулахад хангалттай хүрэлцэж байгаа нь дамжиггүй.
Үндэс угсаа нэгтэй Өвөрмонголын ахан дүүсийнхээ эх нутаг, эрх чөлөөний төлөө хийж буй тэмцлийг дэмжиж монголчууд Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-ны үүдэнд эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа. Үндэсний үзэлтэй бүлэглэлүүд, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа өвөрмонголчууд энэ цуглаанаар жижиг үндэстнүүдийнхээ эрхийг хангах, аливаа харгислал, дарангуйллаа зогсоохыг Хятадын засаг захиргаанд шаардав. Хас тэмдэгтэй туг, Монгол улсын төрийн далбаагаар өнгө зохируулсан цуглааны үндсэн агуулга нь монгол үндэстнүүдийг эв нэгдэлд дуудсан уриа байв.НЯЦААГДААГҮЙ ҮНЭН
Ар монголчууд өвөрлөгчдөө Хятадаас булаан авах гэж хоёр ч удаа дайн хийсэн юм. 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол ардын арми оролцсон нь өнгөн дээрээ "Монгол-Зөвлөлтийн харилцааны туслах гэрээний үүрэг" гэх тайлбартай боловч цаанаа өөр яриа хөөрөөтэй байсныг түүхчид ярьж, бичсээр байгаа. И.В.Сталин гадаад, дотоод монголын асуудлаар Маог хүртэл нээнтэглэж байсан удаа бий. Монгол, Зөвлөлтийн цэрэг Өвөрмонгол руу орж ирснээр тэндэхийн тусгаар тогтнолын тэмцэл,хөдөлгөөнийг сааруулж, эцэст нь унтраахад хүргэжээ гэсэн түүхийн тайлбарыг сүүлийн үед өвөрлөгч эрдэмтэд хийх болсон байна.
Хүйтэн дайн дуусгавар болсон 1990-ээд оноос Ар Монголд оюун санааны задрал болж, өмч хөрөнгө, үзэл ухамсар, шашин шүтлэг хүртэл глобалчлагдан, сарниснаар үндэстний хувьд жинхэнэ ёсоор бутран задарсан гэж өвөрмонгол ахан дүүс дүгнэх болсон байна. Социализмын үед Оросуудын үзэл суртлын нөлөөнд байсан "шинэ монгол"-чууд ардчилалын үед Хятадын хөрөнгө мөнгөний нөлөө бүхий өөр "шинэ монгол" болж хувираад мөхлийнхээ зүгт мөлхөж байна хэмээн тэд биднийг өрөвдөн халаглаж байна.
Агуулга, хандлагын энэ эрс өөрчлөлт гадаад, дотоод монголчуудыг 180 хэм эргүүлжээ. Бусдын хамаарал, колончлол, дарлал дор байгаа гэж тэднийгээ өрөвддөг байсан бол одоо тэд биднийг өрөвч нүдээр харж байна. Хамгийн цочирдмоор нь "нармай" -тай эсрэгцүүлэн сөргөлдүүлсэн "шинэ монгол"-ын үзэл санааны тухай шүүмжлэлийг няцаах үг надад олдсонгүй. Асар том Хятад гүрэн задрах нь дэлхий нийтэд, тэр дундаа Монгол Улсад ашиггүй гэсэн байр суурийг би хувьдаа ортой гэж итгэж буй. Учир нь малын бэлчээрээ өмгөөлөн тэмцэж байгаа Баруун Үзэмчин хошуунд л гэхэд нийт хүн амынх нь ердөө 29,2 хувь нь л монголчууд. Бусад нь хань үндэстнүүд. Их юмны баглаа задарвал сад тавих нь гарцаагүй. Тэр цоорхойгоор хань нь ч, хуйхуй нь ч адилхан гоожно. Харин ч задгайрсан талынхаа жаахан цөөхнийг их нь булж ч мэднэ.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment