4 есд яах вэ?

УБ хот яг одоо их хүйтэн байна. Жилийн жилд өвөл 1 сард ингэж их хүйтэрдэг. - Гурван есд яах вэ? -Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө гэсэн үг байдаг. Нүүдэлчдийн байгаль ажиглалтаар хамгийн хүйтэн үе 3-р есд болдог байсан байх. Гэхдээ цаг хугацаа хувьсан өөрчлөгдсөнийх ч юм уу сүүлийн үед өвлийн хамгийн хүйтэн үе нь 3 биш 4-р есд тохиодог болчихоод байна. Туулын хөндий ч хүйтнээрээ алдартай газар л даа. Аав минь 1980-аад оны эхээр Улаанбаатар хотод МАХН-ын Дээд Сургуульд сурч, оюутны дотуур байранд нь амьдардаг байсан гэсэн. Хувьсгалт намын дээд сургууль буюу одоогын удирдлагын академи зайсангын наана Оргил рашаан сувилалын тэнд харин дотуур байр нь одоогын 120-д байдаг Палас зочид буудал байсан гэнэ лээ. Өвөл өглөө байрнаасаа гараад л сургууль руугаа алхахад ч туулын жавар овоохон байж билээ гээд л ярьдаг сан. Тамирын хөндийд Булган уулын нөмөртэй өвөрт өсч торнисон би мэт нь Туулын хөндийн жаварт аргагүй л жиндэх юм. Ер нь ганц би биш хүн болгон л даарч байгаа бололтой. Дархадын хотгор, Завханы Тосонцэнгэлээс ирсэн хүмүүс бол энэ мэтийн хүйтнийг тоохгүй байх л даа. Улаанбаатарын энэ хүйтэн, утаа, түгжрээ гурав ч ерийн зүйл биш л дээ. Архангайн төв Цэцэрлэг хот ч сайхан дулаахан газар даа. Цаг агаарын мэдээ харахад манай аймгийн төв Өмнөговийн Ханбогд хоёр л хамгийн дулаахан байдаг юм. Цэцэрлэг хотод -20 градус хүрвэл их хүйтэрлээ гэсэн үг. Ер нь л өвөл -10 хавьцаа л байдаг газар л даа. Дулаахан байдаг болохоор охидууд нь улаан хацаргүй байдаг хэхэ. Архангайн төвийн охидуудыг царайлаг гээд байдаг нь нутгынх нь өвлийн дулаан байдагтай холбоотой байх нь ээ хэхэ. Увсын хүүхдүүд бүгд л улаан хацартай байдаг юм билээ. Аргагүй шүү дээ. Улаангом хот чинь бас л хүйтнээрээ алдартай газар. За за хүйтний тухай бичих гэсэн биш хадуураад, элдэв янзын эрээвэр хураавар шал утгагүй юм биччихлээ. Хурдан дулаараасай.

0 сэтгэгдэлтэй: