IP Tv-тэй хамтдаа

Гэртээ Univision тавиулчихлаа. Телевизийн хөгжлийн шинэ алхамтай хөл нийлүүлье даа. Болсон болоогүй юм бичих дуртай юм болохоор хэсэг хэрэглэж байгаад дүгнэлтийг нь бас бичнээ. Яаж зүгээр байхав ...

Aquarium update 2012-01-25

Өчигдөр орой сууж байгаад аквариумаа жаахан цэвэрлэж, ганц нэг өөрчлөлт хийлээ. Өмнө нь ийм байсан.


Ийм өөрчлөлтүүд хийв:
  • Усан дотор байсан гэрэлт цамхаг будаг нь ховхороод байсан тул авч хаяв. Анх загаснуудаа авахад энэ гэрэлт цамхагны гурван хаалганы хамгийн томоор нь мечноснуудын хамгийн том нь чөлөөтэй орж гардаг байсан бол өчигдрийн байдлаар хамгийн жижиг мечнос маань бараг л багтахаа байсан байна. Цамхагаа аваад хаячихаар загасаа хэрхэн томорч байгааг яаж мэдэх вэ байз ???
  • Усыг дээшээ татаад, дээрээс гоожуулахдаа шүүлтүүрээр шүүж гоожуулдаг аквариумны өөрийнх нь шүүлтүүр усаа сайн шүүж чадахгүй байгаа юм шиг санагдаад байхаар нь усан дотроо байдаг филтер нэмж тавьлаа. Ажиллаж байхдаа чимээ ихтэй, аквариумны урсгалыг арай л ихэсгэдэг муу талтай ч гэсэн усыг цэвэршүүлэхдээ арай л илүү юм шиг санагдлаа.
  • Аквариумны арын хананд нь ногоон ургамалтай зураг наалаа. Уур амьсгал шал өөр болоод л явчиж байна лээ шүү.
  • Агааржуулагчны хошууг хайрганд булж, дээрээс нь чулуу тавив. Ингэснээр чулуун дундаас агаар гараад байгаа юм шиг сонирхолтой харагдаж байна. 
За тэгээд ёроолын бохир уснаас 10 литрын хувин орчмыг соруулж хаяад, шинэ усаар сэлбэв. Арай л цэвэрхэн боллоо. Даанч зураг жаахан бүрсийлттэй гарсан байна.


Агааржуулагч ажиллаж байгаа нь.

Нэг иймэрхүү боллоо. Өдөр 1 цагийн үед жаахан нар тусдаг болоод ч тэр юм уу? ус нь жаахан замагтах гээд байна. Соом, дун гэх мэт байгалийн цэвэрлэгчдийг тэнцвэрийг нь хангах хэмжээний тоогоор авч хийхээс. 2 ширхэг гахай соом байгаа боловч арай л жулдаад байх шиг байна. Гараа усан дотор хийгээд ургамал, хайрга, агааржуулагчаа засаж байхад загаснууд маань ирээд гарын шууг чимчигнүүлж гижиг хүргээд хөгжилтэй л байлаа.

 Гахай соом ажлаа хийж байгаа нь.

 Соом тасралтгүй хөдөлмөрлөсөөр л.

Чулуун дундаас агаар гарч байгаа нь.

Одоогын байдлаар нэг иймэрхүү байна. Одоо нэг асуудал байгаа нь амазон ургамалууд маань жаахан харлаад ургалт нь муудаад байна. Гол хэсгийн ард байсан ургамалыг сугалж авсан чинь үндэс нь бараг байхгүй болчихсон байна лээ. Энэ асуудлыг шийдээд ургамалаа сайхан ургуулчихвал ч болоод л явчих гээд байна.

Эр мечноснууд маань бие гүйцэж байгаа бололтой байнга л зодоон цохион хийх юм. Өнөө өглөө нэг ийм бичлэг хийчихлээ.

Унаган англи хэл

Австрали руу аав ээжтэйгээ яваад 2 жил болоод ирсэн зээ дүү маань монголоор ойлгож байгаа боловч ярьж чадахгүй болоод, харин унаган англи хэлтэй болчихжээ. Аялага, ярьж байгаа байдал зэрэг нь үнэхээр хөөрхөн байна. Хүүхэд нээрээ орчиндоо дасна гэж хурдан юм даа. Англиар ярьж байгаа нэг ийм бичлэг байна.


Мөрөөдлүүд

Бүтэн сайн өдөр болохоор завтай, гэртээ сайхан амарч байгаа, тэгээд ам халчихсан байгаа болохоор жаахан бичмээр санагдлаа. Би их мөрөөдөмтгий хүн, хийсвэр, хэзээ ч бүтэхгүй мөрөөдлүүд байна, бас бүтэх мөрөөдлүүд ч байна. Мөрөөддөг зүйлсийнхээ заримаас нь бичье.

Мөрөөдөл 1. Би эрт дээр үед амьдарч байсан болоосой гэж мөрөөддөг юм. Идэр гурван есийн жавар тачигнасан хээр талаар тарган морь цантуулан давхиж, дулаахан тухтай өвөлжөөн дэх гэртээ чанасан мах идэж, өвгөдийн ярьдаг үлгэр, туульсийг өвлийн шөнийн уртад сонсон суудаг байсан бол юутай жаргалтай вэ. Усны тунгалагыг ууж, өвсний соргогыг иддэг малаа маллаад л, ариухан агаарт экологын цэвэр бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд л, нүүдэлчдийн хэдэн мянганы турш амьдарч ирсэн соёл, зан заншил ч тасархай л даа.

Мөрөөдөл 2. Би нэг SUV манайхны ярьдгаар Жийп машин, бас их гоё камер бэлтгэчихээд Монгол орноо тойрон аялж, явсан газруудынхаа зургыг нь гоё авч хадгална гэсэн мөрөөдөлтэй. Машинаа аялалд зориулж тоноглоод, аялалдаа хэрэгтэй бүх зүйлийг бэлтгээд, машинаа бариад аялалдаа гарах юмсан. Алтайн сүрлэг уулс, Алтайн цаадах говийн онгон дагшин байгаль, Хорьдол сарьдагийн нуруу, дархадын хотгор, Хархираа түргэний гол, Хан хөхийн уулс гээд л сонирхлыг минь татдаг газар зөндөө зөндөө. Нээрээ өвөө минь Байтаг Богдод цэрэг байсан гэсэн. Дээр үеийн хугацаагүй гэлүү 5 жилийн гэлүү цэрэгт татагдаж яваад сураг тасарсан өвөөг минь ирэхгүй нь дээ гэж байтал нэг л өдөр ороод ирсэн гэж эмээ аав хоёрын хуучилж байхыг сонсож байсан юм. Намайг төрөхөд өвөө маань тэнгэрт хальсан байсан болохоор би өвөөгийн амьд сэрүүн үеийг мэдэхгүй. Гэхдээ л зурган дээрээс нь харахад сэтгэлд их л ойр, дулаахан сайхан байдаг юмаа. Түүх судалж байгаад Байтаг Богдод заавал очиж, өвөөгийнхээ цэргийн алба хааж байсан газрыг олж очно гэж боддог юм. Түүхэн газрууд, сайхан байгальтай газруудаар аялахдаа заавал тухайн газрын түүхийг уншиж судлаад цэгцтэй мэдлэгтэй болно гэж боддог юм.

Мөрөөдөл 3. Энэ бол мөрөөдөл хоёртой холбоотой. Монголын бүх өндөр уулын оройд гарч үзэх. Би өндөр уулын оройд гарч алсын бараа харах дуртай. Өндөр уулсын орой болгон дээрээс зураг аваад, уул болгоны оройгоос 1 чулуу цуглуулганд зориулж авна гэж боддог.

Мөрөөдөл 4. Мэдээллийн системийн аюулгүй байдал, хамгааллын мундаг мэргэжилтэн болох. Тэгээд л нэг том банкны, компанийн мэдээллийн системийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллах юмсан гэж мөрөөддөг. Тэгээд л өндөр мэдлэгтэй, хангалттай цалинтай, жаргалтай гэр бүлтэй, том сайхан байшинтай санаа зовох зүйлгүй тайван амьдрах юмсан.

Мөрөөдөл 5. Хойд туйл руу аялаж, хойд туйлын туяаг нүдээрээ ажиглах, зургыг нь авах.

Цаг хугацааг ухрааж чадахгүй болохоор мөрөөдөл нэг биелэхгүй нь харамсалтай. Харин бусад мөрөөдлөө зорилго болгож тавиад, зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөөд байвал хүрч л таараа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгээд байж дээ.

4 есд яах вэ?

УБ хот яг одоо их хүйтэн байна. Жилийн жилд өвөл 1 сард ингэж их хүйтэрдэг. - Гурван есд яах вэ? -Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө гэсэн үг байдаг. Нүүдэлчдийн байгаль ажиглалтаар хамгийн хүйтэн үе 3-р есд болдог байсан байх. Гэхдээ цаг хугацаа хувьсан өөрчлөгдсөнийх ч юм уу сүүлийн үед өвлийн хамгийн хүйтэн үе нь 3 биш 4-р есд тохиодог болчихоод байна. Туулын хөндий ч хүйтнээрээ алдартай газар л даа. Аав минь 1980-аад оны эхээр Улаанбаатар хотод МАХН-ын Дээд Сургуульд сурч, оюутны дотуур байранд нь амьдардаг байсан гэсэн. Хувьсгалт намын дээд сургууль буюу одоогын удирдлагын академи зайсангын наана Оргил рашаан сувилалын тэнд харин дотуур байр нь одоогын 120-д байдаг Палас зочид буудал байсан гэнэ лээ. Өвөл өглөө байрнаасаа гараад л сургууль руугаа алхахад ч туулын жавар овоохон байж билээ гээд л ярьдаг сан. Тамирын хөндийд Булган уулын нөмөртэй өвөрт өсч торнисон би мэт нь Туулын хөндийн жаварт аргагүй л жиндэх юм. Ер нь ганц би биш хүн болгон л даарч байгаа бололтой. Дархадын хотгор, Завханы Тосонцэнгэлээс ирсэн хүмүүс бол энэ мэтийн хүйтнийг тоохгүй байх л даа. Улаанбаатарын энэ хүйтэн, утаа, түгжрээ гурав ч ерийн зүйл биш л дээ. Архангайн төв Цэцэрлэг хот ч сайхан дулаахан газар даа. Цаг агаарын мэдээ харахад манай аймгийн төв Өмнөговийн Ханбогд хоёр л хамгийн дулаахан байдаг юм. Цэцэрлэг хотод -20 градус хүрвэл их хүйтэрлээ гэсэн үг. Ер нь л өвөл -10 хавьцаа л байдаг газар л даа. Дулаахан байдаг болохоор охидууд нь улаан хацаргүй байдаг хэхэ. Архангайн төвийн охидуудыг царайлаг гээд байдаг нь нутгынх нь өвлийн дулаан байдагтай холбоотой байх нь ээ хэхэ. Увсын хүүхдүүд бүгд л улаан хацартай байдаг юм билээ. Аргагүй шүү дээ. Улаангом хот чинь бас л хүйтнээрээ алдартай газар. За за хүйтний тухай бичих гэсэн биш хадуураад, элдэв янзын эрээвэр хураавар шал утгагүй юм биччихлээ. Хурдан дулаараасай.

Дүүтэйгээ уулзана :-)

Маргааш их сайхан сайхан өдөр болох гээд байна, миний хувьд. Юу вэ? гэвэл 2 жилийн өмнө Австрали руу явсан хайртай зээ дүү, эгч, хүргэн ах нар маань монголдоо буцаж ирж байгаа юм. 2 жилийн өмнө 2010 оны 3 сарын 4-нд Бээжингийн онгоцны буудал дээр гаргаж өгөхөд "Агаа bye" гэсээр л ээждээ тэврүүлээд онгоц руугаа явж орсон бяцхан дүү маань одоо 2 нас нэмчихээд ирж байна шүү дээ. Ямар хөөрхөн том болоо бол. Дүүгээ их санаж байна. За ямар ч байсан маргааш хурдан болоосой. 3 дотныхоо хүнтэй хурдан л уулзмаар байна шүү. 

2 жилийн өмнө Бээжингийн онгоцны буудал дээр эгч дүү хоёроо хүргэний араас Австрали руу явуулах өдрийн өглөө. /2010-03-04/

PH Tester

Аквариумны усны найрлага, бүтэц нь загас, ургамалын амьдрах эс амьдрахыг шийддэг их чухал үзүүлэлт юм. Аквариумын загасны хоббитой pet.mn - сайтын залуус аль хэдийн биччихсэн байна.

Аквариумын ус - http://www.pet.mn/2011/12/1_22.html
Усны найрлага - http://www.pet.mn/2011/01/blog-post_2872.html
Усны бүтэц - http://www.pet.mn/2011/12/1_15.html

Гээд хэрэгтэй мэдээллүүдийг уншаарай. eBay.com - с шинэ оны өмнө нэг PH Tester авсан юм. Тэгсэн өнөө өглөө хаягаар хүргэгдэж ирлээ. Хонг Конгоос 22 хоноод л ирлээ дээ. Нэг ийм эд байна.

 eBay.com - дээр бараагаа тавьдаг дэлгүүрүүд бараг л ихэнх нь монгол руу явуулдаг болсон байна. Жаахан хүлээгддэг л болохоос уг нь ямар нэг дамжлагагүй шууд авч байгаа нь гоё шүү.





Орой хариад усныхаа PH -г үзнээ. Өөртөө усыг шүлтлэг болон хүчиллэг болгодог 2 ууттай бодистой ирсэн байна. Энэ төхөөрөмж монголын загасны дэлгүүрүүдэд 30-45 мянган төгрөгийн үнэтэй байсан. eBay.com - с 12$ - т аваад л гар дээр ирчихлээ. За хариж хэмжиж үзээд, үр дүнгийн талаар дахин блогдоё :-)

Такси

Сая ажилдаа таксидаж ирлээ. Халтуур хийсэн хувийн машинтай жолооч эгч 2400 төгрөг нэхэж байна. Гайхаад асуутал 1км-г нь 800 төгрөгөөр явж байгаа гэнээ. Арай л хэтэрнээ гээд хэлсэн чинь бүх юмны үнэ нэмэгдээд байна, мах ямар үнэтэй байна? хэрэглэж байгаа юмнууд чинь ямар үнэтэй байна? гараад нэг хардаа гээд урдаас загнаж байна. За за шинэ долоо хоногын өглөөний ажилдаа ирж байж хэдхэн зуун төгрөгөн дээрээс болж хэрүүл хийгээд яахав гээд хэлсэн мөнгийг нь өгөөд л буулаа.

Гэхдээ халтуурын жолоочын надад хэлсэн тайлбар нь арай л биш байна. Таксины жолоочын худалдаж авдаг махны үнэ нэмэгдсэний зөрүүг би төлөх ёстой юу??? Жолооч ч гэсэн машинаараа хүнд үйлчлээд, үйлчилсөн өртөг дээр ашгаа нэмээд авах ёстой байтал худалдаж авсан мах нь үнэтэй байсан чинь үйлчлүүлсэн хүнээсээ тэр махны нэмэгдсэн мөнгийг гаргуулж болох уу??? Уг нь бол 100 км-т 10 литр бензин зарцуулдаг машинаар халтуур хийлээ гэж бодоход 1 литр тутамд 210 төгрөгөөр бензин нэмэгдэж байгаа юм чинь 1км газар туулах өртөг дээр 21 төгрөг л нэмэгдэх байх. Тэгэхээр бусад нэмэгдэл нь жолоочид нэмэлт ашиг болж байгаа бололтой. Юмны үнэ өссөнөөр таксинд ашигтай юм бишүү. Ер нь ажлаасаа гараад такси барьдаг юм уу дөө.


Утаа

Өнгөрсөн долоо хоногын бүтэн сайнд яармагын урагш Богд уулын энгэрт очиж цэвэр агаараар амьсгаллаа. Утаат хот маань нэг иймэрхүү л харагдаж байна даа. Юун доторч амьдраад байгаа юм мэдэхгүй ээ мэдэхгүй.

 


 Цахилгаан станцын өндөр яндан үлгэрт гардаг үүлэн дундаас тэнгэр баганадсан мод шиг харагдаад байсан шүү.


Харин энэ бол хөх тэнгэр. Миний монголын мөнх хөх тэнгэр. Улаанбаатар хотоос тэнгэрийг ингэж харах газар бараг олддоггүй бол хотоос жаахан гараад л харчих юм билээ.






Хагас бүтэн сайнд болж л өгвөл цэвэр агаарт сайн гарч, утаанд хордож байгаа уушгиа бага ч гэсэн цэвэр агаараар цэвэрлэж баймаар юм билээ.

Монгол цаг

Барс цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно
Бага насанд сурахгүй бол насны явдал хоцорно

Өвөг дээдэс маань өөрсдөө Барс цагт босож өдрийн ажлаа эхэлдэг, тийм болохоор үр хүүхдээ бас барс цагт босож ажлаа эхэлж байх, насны бага залуудаа ихийг сурч мэдхийн тэмүүлэлтэй байгаасай гэсэн хүслээс энэ зүйр үг үүссэн байх.

Эрт босвол нэгийг үзнэ
Орой унтвал нэгийг дуулна ч гэж үг байдаг. Аль болох л эрт босож бай гэж эрт дээр үеэсээ үр хойчоо сургаж байж.

Бас Нойронд сэргэг Номонд мэргэн гэх буюу Өөдлөхөд санах сэрэх, уруудахад унтах идэх гэх мэтээр ярилцдаг байж. Их унтах бол яавч сайн зүйл биш болж таарлаа шүү. Нүүдэлчдийн соёл зан заншил агуу болохоор бага унтах сайн гээд нойргүй яваад байдаг байсан хэрэг ч биш л байх л даа. Зүгээр л нүүдэлчин амьдралд унтаад нойр ханах хангалттай цагийг олж тогтоогоод, тэрнээсээ бүү хэтрүүл л гэсэн утгатай байх гэж таамаглалаа. За тэр яахав хадуурах нь.

Барс цаг гэдэг нь одооны цагаар бол 3:40 - 5:40 хооронд байх юм байна. Өглөө үнээ мал саах, малаа бэлчээх гэх мэтийн ажилгүй, 9-с ажил эхэлдэг суурин газрын мань мэт бол 3:40-с 5:40-н хооронд босчоод мэлийгээд суугаад байх нь ч хаашаа юм. Тэгээд ч одоо нарны тусгал дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас матрын зам экваторын шугам хоёрын дунд нутгаар эгц тусаж манайд өглөө бараг 7:00 гэж л гэгээ орж байгаа болохоор барс цагт босвол арай л эртдэх байх. Ер нь өглөө 6-д босож хэвшвэл зүгээр юм уу гэж сүүлийн үед бодогдох боллоо. Яагаад гэвэл өглөөд нойроо дийлж сэрж чадахгүй, оройд нь мөд нойр хүрэхгүй хандлагатай боллоо сүүлийн үед. Алийн болгон 8 хүртэл унтаж ажлаасаа хоцорч байхав дээ. Тэгэхээр эхлээд өөртөө туулай цагийн эхээр буюу 6:00-д босч байх хэвшил тогтоох гээд үзээд алдъя. Чадахгүй бол ямар ч байсан туулай цаг буюу 5:40-7:40 -д багтаад босч байх амлалт өглөө. Эрт босохоо дагаад орой эрт унтах сурах хэрэгтэй байх. Тэгэхээр босдог, унтдаг цагаа 1:30 минутаар урагшлуулаад үзнээ.

Сонирхуулаад уламжлалт билгийн тооллын цагийг оруулъя.
  1. Хулгана цаг аргын =>  23 40 - 01 40
  2. Үхэр цаг                =>  0140  - 03 40
  3. Бар цаг                 =>  03 40 - 05 40
  4. Туулай цаг                 =>   05 40 - 07 40
  5. Луу цаг                       =>   07 40 - 09 40
  6. Могой цаг                  =>   09 40 - 11 40
  7. Морин цаг                 =>   11 40 - 13 40
  8. Хонь цаг                    =>   13 40 - 15 40
  9. Бич цаг                      =>   15 40 - 17 40
  10. Тахиа цаг                  =>  17 40 - 19 40
  11. Нохой цаг                  =>  19 40 - 21 40
  12. Гахай цаг                   =>  21 40 - 23 40
 Яг одоо хонь цаг болж байгаа юм байна.


Шинэ азарган тахиа загас

Өчигдөр 5 шар орчихоод 100 айл орж загасанд зориулж ус нөөцлөх усны сав авна гэж төлөвлөөд хорооллоор замнаж явахаар болов. Хорооллоор явж байгаад 1000 барааны дэлгүүрийн ард загасны дэлгүүрүүд рүү тэсэлгүй орлоо. Дахиж мөд хороололд ирж амжихгүй байх гэж бодоод ормоор санагдаад байсан юм л даа. Тэгээд загасны дэлгүүрүүдийг хэсэж яваад ийм Петушок ( Betta Fish ) хөөрхөн харагдахаар нь авчихлаа. Уг нэр нь Betta бөгөөд орос нэрээр Петушок (Азарган тахиа) гэж нэрлэдэг. Яг байгаль дээрхийх нь нэр нь Сиамын зодоонч загас гэдэг юм билээ. pet.mn сайт дээр энэ загасны талаар маш их мэдээлэл орсон байсан. Сонирхол нэгтнүүддээ баярлалаа. 1 аквариумд 2 эр нэг дор орвол эцсээ хүртэл зодолдож үзэлцдэг сонин зантай загас болохоор тэгж нэрлэсэн байх. Зүүн өмнөд азийн орнуудаар энэ төрлийн загасыг зодолдуулах бооцоот тэмцээн хүртэл болоод байдаг юм билээ. За тэгээд эр нь хөөсөөр үүр засаж түрс шахахад бэлтгээд, эмийгээ зодож эцээгээд үүрэндээ авчирж биеээрээ биеийг нь ороож гэдсийг нь шахаад түрслүүлдэг, шахсан түрсийг нь хөөсөн үүрэндээ байрлуулж арчилж торддог гээд энэ загасны тухай сонирхууштай их юм байна. Одоо үүнийгээ амьдрал дээр харах л үлдлээ. Түрс шахах үеэс бусад үед бол их болхи, хөдөлгөөн удаантай, амьдарлын идэвхи багатай юм билээ. Хэдий тийм боловч үнэхээр царайлаг, үзэсгэлэнтэй, сүртэй загас юм билээ. Дээр нь бусад загастай их нийтэч, даруухан болохоор аквариумдаа нэгийг авч хийгээд аквариумаа чимэхэд гоё сонголт болмоор санагдсан. Зураг сонирхуулъя.

Нэвсийсэн сүүлтэй болохоор сониуч скаляр сүүлнээс нь сониучирхаж хазаж үзэж байна билээ. 

 Зодолдох болохоороо хамаг сэрвээ, сүүл, заламгайгаа дэрвийлгээд үнэнхүү үзэсгэлэнтэй болдог юм билээ. Анх аквариумд хийсний дараа миний хар сүүлт эр мечносыг өөрийн төрлийн эрэгчин байна гэж андуурснуу яасан ойртонгуут нь л зодооны байдалд шилжээд баахан л сүрийг бадруулсан даа. Сүүлдээ андуурснаа мэдсэн бололтой бантаад ойртохоо ч больсон :P

 Бусад загасыг байхгүй газраар явж байнга л ганцаараа байхыг эрхэмлэж байна. Ганцаараа дажгүй юм шиг байна лээ.

Сүүл, сэрвээний үзүүр нь ч бас л ширүүн харагдаж байна даа.

 Хүмүүс хав нохой шиг юм байна гээд байгаа. Нээрээ ч төс байнаа байна.

Аквариумны хав. 

За нэг ийм загас байна. Нэр өгдөг юм уу гэж санаад нэр бодож байгаа. Далай ээж захын зүүн талын байрны загасны дэлгүүрт эм нь байна лээ. Удахгүй эмийг нь авнаа. Загас нэмэхгүй гэж бодсон ч гэсэн тэсэхгүй юм аа.

Загасыг ямар хүн тэжээдэг вэ?

Аквариумын загас тэжээх бол хүн болгоны хийх ажил биш, тэр тусмаа сайн тэжээж загаснуудаа сайхан арчлах, үржүүлэх бол бүр ч хүссэн хүн болгоны хийж чадах ажил биш гэж би боддог. Загасыг ямар хүн тэжээдэг вэ?

  1. Загасыг хөдөлмөрч хүн тэжээнэ. Тогтмол хугацаанд усыг нь цэвэрлэх, солих, хооллох, загасандаа анхаарал хандуулах бол яавч залхуу хүний хийж чадах ажил биш. Загас хооллож, усыг нь сольж байхаас зурагтын удирдлага бариад буйдан дээр хэвтэхийг илүүд үздэг бол та загас тэжээх гэж бүүр оролд. Амьтан зовоогоод хэрэггүй. Залхуугүй боловч байгальд, амьтанд хайргүй бол дээрхийг мөн л хийж чадахгүй л болов уу. 
  2. Тиймээс загасыг амьтанд хайртай хүн тэжээнэ. Дотроо загастай, амьд ногоон ургамалтай цэвэрхэн устай, гэрэлтүүлэг нь тохирсон аквариум гэрийн уур амьсгалыг зөөлрүүлж, өнгө төрхийг хамаагүй зөөлрүүлнэ. Ийм орчинг амьтанд хайртай, уйгагүй хөдөлмөрч загасчин л бий болгож чадах билээ. 
  3. Загасыг цэвэрч хүн тэжээнэ. Байгаль дээрхийг гэрийн шилэн хоргонд бүрэлдүүлэхийн тулд нэлээдгүй хөдөлмөр, оролдлого, экологийн талын мэдлэг хэрэг болно. Бас загасны усыг солих, амьд хоолоор загасаа хооллох гэх мэт ажиллагаа нь хүний цэвэрч байдлыг мөн шалгах томоохон шалгуур юм. 
  4. Загасыг завтай хүн тэжээнэ. Дээр өгүүлсэн нөхцлийг бүрдүүлж гэр дотроо жижиг эко ертөнц бүрдүүлэхийн тулд хүн цаг заваасаа чамгүй зарцуулах болно. Өчүүхэн хугацаанд амсхийх ч завгүй хүн гэж байхгүй тул сэтгэл л байвал олдсон чөлөө завандаа загасаа арчилахаас татгалзахгүй байх. Гэхдээ л загасыг завтай хүн тэжээдэг юм билээ.
  5. Загасыг Хобби-той хүн тэжээнэ. Амьтанд хайртай гэж дээр өгүүлсэн боловч загасанд дургүй, нохой тэжээх сонирхолтой хүн байж болно. Тиймээс загасанд дуртай, загасанд хоббитой хүн л загасыг тэжээж чадна. Хэсэг зуурын, хэдхэн сар аквариумд ус хийгээд, загас авчирч хийгээд гэрэл асаах нэг хэрэг, урт хугацаанд загасыг хайрлаж, арчилж тэжээх бол ондоо хэрэг юм. Тиймээс загас тэжээх гэж байгаа бол үнэхээр хобби юу? хэсэг зуурын шохоорхол уу гэдгийг бас таних хэрэгтэй.
За дээрхээс харахад аквариумын загасанд хоббитой, амьтан хайрлаж чаддаг, цэвэрч, хөдөлмөрч, завтай хүн тэжээдэг байхнээ гээд хэлчихэд нээх буруудахгүй байх. Дээрх 5 чанараас аль нэг нь дутуу байлаа гэхэд тэжээж байх явцдаа дутуу зан чанараа өөртөө төлөвшүүлж болно. Энэ бол өөрийгээ ялан дийлж байгальд хайртай, амьтанд хайртай зөөлөн зан чанарыг өөртөө төлөвшүүлж байгаагын нэг илрэл юм болов уу гэж бодож байна.