Хүн бол байгаль дэлхийн дайсан

Би заримдаа боддог юм. Хүн бол байгаль дэлхийн хувьсан өөрчлөлтийн үр дүнд бий болсон амьд бодгаль биш юмаа гэж. Байгаль экологийг ажиглаад л байхад цаад нарийн учрыг нь ухаж ойлгоход хэцүү, дэндүү нарийн бүтэц зохион байгуулалттай систем болох нь харагддаг. Энд байгаль экологийг бүрдүүлж байгаа өчүүхэн жижиг бактери хүртэл хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн энгийн жишээ авахад махчин амьтад байна. Тэд өвсөн тэжээлтэн сүргийн хамгийн чадал муутай, өвчтэй, сул доройг барьж иднэ. Энэ нь тухайн сүрэг цаашдаа эрүүлжиж, эрүүл чийрэг, хүчирхэг үр төл гаргахад чухал нөлөөтэй. Нөгөө талаас махчин амьтан хоолтой болж байгаа хэрэг. За за жишээ бол жаахан сонин болчихлоо. Цаад санаа нь ердөө л амьд биемахбодиуд өөр өөрсдийн үүргээ биелүүлж, байгаль дэлхийн тэнцвэрийг хадгалж оршин тогтнодог гэж хэлэх гээд байгаа юм. Харин энэ бүтцэд үл хамаарах ганц амьтан байна. Тэр нь хүн юм.

Хүн мод тайрч байна, голын эх бохирдуулж алт ухаж байна, ой модоо шатааж байна, усанд хортой химийн бодис хаяж байна, ан амьтдыг алж устгаж байна, дэлхийн агаар мандалд химийн хорт бодис цацаж байна ... гээд л яриад байвал барагдахгүй их зүйлийг байгаль дэлхийн жам ёсоороо оршин тогтнохын эсрэг, хэвийн байдлыг алдагдуулахын төлөө хийдэг. Ерөөсөө хүний хийж байгаа бүх зүйл байгаль дэлхийн эсрэг чиглэж байдаг гээд хэлчихэд нээх буруудахгүй л байх.

Яагаад ингэдэг вэ ?

Яагаад гэвэл хүн ерөөсөө ч байгалийн бүтээл биш. Өөрсдийн оршин амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд орчин тойрноо устгаж байгаа хэрэг болов уу.
Нэг газар огт байдаггүй амьд биетийг тэр газар авчраад нутагшуулж орхисон чинь тэр газрынхаа уугуул амьтдын амьдралд хор хөнөөл учруулж, ингэснээрээ тухайн газрын экосистемийг өөрчилсөн тохиолдлуудын тухай сонсож, уншиж байлаа. Үүнтэй адилхан биш байна гэж үү.

Хүний хийж байгаа ямар нэг үйл ажиллагаа байгаль дэлхийд сайнаар нөлөөлдөг үү?
Хүн ба бусад амьд биетийн хооронд бие биенээсээ хамаарсан байгалийн зохицуулалттай холбоо хамааралтай ганц зүйл байгаа юу ?

Гэхдээ ингэж бодоод хүн төрөлхтөнг бас буруутгаж болохгүй л дээ. Тэд ч гэсэн амьдрахын төлөө тэмцэж байгаа хэрэг шүү дээ. Зүгээр л дэлхий хүний амьдрал дэлхийн экосистемтэй ямар ч авцалдаагүй учраас л экологийн тэнцвэр алдагдаад байгаа хэрэг.

Бид буруу гарагтаа амьдраад байгаа юм бишүү. Нэг мод тайрахад маргааш нь нөхөөд ургачихдаг, усанд нь газрын тос асгахад загас нь өөрийгээ цэвэрлэчихдэг, ус нь газрын тосоо ялгаад хаячихдаг эвкакалиптусэвансоханамаразаприфэнсо гараг руугаа явж амьдарцгаая. Дэлхийг тайван орхих хэрэгтэй.