Тюриний шагнал (Turing awards)

Өнгөрсөн бүтэн сайн өдөр The Imitation Game киног үзлээ. 2014 онд нээлтээ хийсэн Оскарын шагналтай энэ киноны үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны үед Британы тусгай алба математик, шатар, хэл шинжлэлийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн баг байгуулан Нацист Германы армийн мэдээллээ дамжуулахдаа ашигладаг "Энигма" шифрлэх машины (Enigma machine) нууцлалыг тайлахыг оролдож байгаа талаар гарч үйл явдал өрнөнө. Киноны гол дүр нь математикийн хосгүй авъяастан Кембрижийн их сургуулийн Алан Тюрин юм.
Тюрин нэрийг сонсвол өмнө хэзээ нэгтээ хаа нэгтээ жич танил байсан мөртлөө нэр нь орж ирэхгүй байгаа хүний царай шиг санагдаад байлаа. Хэн билээ юу билээ гээд бодоод бодоод олдоггүй, Тюриний онол гэж байдаг билүү гээд хайхад тэгж нэрлэгдсэн олигтой зүйл олдсонгүй. Гэтэл гэнэт Тюриний шагнал гэж оюутан байхдаа сонсож байснаа саналаа. Багш лекц эхлэхийн өмнөхөн Тюриний шагнал гэж байдаг, тэр нь компьютерийн салбарын "Нобелийн шагнал" юм гэдгийг товч ярьж байсан нь бүүр түүрхэн санагдаад байсан нь тэр байж. Товчхондоо өгүүлэхэд Alan Mathison Turing түүхэн хүн ба дэлхийн хоёрдугаар дайны үед Блечли паркд байдаг Британийн код тайлах төвд ажиллаж байсан  математикийн хосгүй мэргэжилтэн байсан бөгөөд энд ажиллаж байхдаа Энигмагын нууцлалыг тайлахын тулд зохион бүтээсэн машин нь өнөөгийн компьютерийн тооцооллийн анхдагч үндсэн арга хэрэгсэл байсан гэж үздэг юм.

Тюриний шагналын талаар товчхон: Тооцоолох Техникийн Холбооноос олгодог энэ шагнал нь Компьютер, электрон тооцооллын салбарт амжилт гаргасан хувь хүнд олгодог шагнал бөгөөд 1966 оноос эхлэлтэй юм байна. "Компьютерийн салбарын Нобелийн шагнал" гэж тодорхойлдог аж. 

50 жилийн түүхтэй энэ шагналыг энэ салбарын мундаг мэргэжилтнүүд авсаар ирсэн бөгөөд жагсаалтыг сонирхвол эндээс дэлгэрүүлж үзээрэй. 

Шагналын мөнгө нь 2007-2013 оны хооронд 250 000 ам.доллар байсан бөгөөд санхүүжүүлэгч нь Intel, Google нар байсан бол 2014 оноос шагналын мөнгө нэмэгдэж 1 сая ам.доллар болсон бөгөөд үүнийг Google даадаг.