Хоршоо Дэрэм


Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдгийм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдгийм
Шаглаалхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдгийм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдгийм

Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсаан

Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ улалзлуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ

Нар өглөө Дэрэм гурав насаараа ингэж л учирсан
Цэцэн вангийн хошууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэлээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөө гомдсон юм гэнэлээ

Холын хол сумнаас өнчнийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулахад өөрөө элссэн Дэрмийг
Дүүрэн бэрхтэй шинэлсэн шинийн нэгэн мэддэггүй юм аа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юм аа

Гэхдээ
Цавьдар гоёхон хийморь бол хийморь нь явсан Дэрэм
Цаваг уугисан халуундаа бол салхи нь явсан Дэрэм
Өргөмөл ганцхан охиндоо бол ижий нь явсан Дэрэм
Өрөөл ухаарахгүй тавиландаа бол эзэн нь явсан Дэрэм

Дэрмийн түшилцсэн нэгдэл жаран жилээ тэмдэглэж байхад
Дээлээ ч солиогүй өвгөн жаахан гэртээ халуунтай байсан
Хоршоо холбоо хөлөөв гурвыг хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд түрийгээ даахгүй
Зулгаараа санаа алдах шиг гунигтай байсан

Хугацаагаар авсан одонгууд
Хурандаагын цээжин дээр чихэлдэж болсон юм!
Үнэнд ичсэн Дэрмийн энгэр дээр
Үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ?

Магтая гэж магтаагүй ээ манай сумыхан мартадгүй юм
Өрөвдөе гэж өрөвдөөгүй ээ өөрөө бодогдоод болдоггүй юм

Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдгийм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдгийм
Шаглаалхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдгийм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдгийм

Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон хоршоо Дэрэм
Бууж үдлэх цоохор замбуулинг алтан ширээ минь гэж залбирсан
хорвоогийн Дэрмээ

Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсаан

Цагаан суварга

Цагаан суваргыг сонсохоор хүн болгонд янз янзын юм бодогддог байх. Зарим нэг нь сайхан аялгуу гэж сонсож, зарим нэг нь энгийн нэгэн аялгуу байна даа гэж бодож байхад зарим нь тоодоггүй байх. Бүр дургүй хүн ч байдаг байх.

Харин би энэ аяыг хэзээ ч хэд ч сонссон уйдахгүйгээр барахгүй сонсох болгонд цээжин дээр юм огшоод, нулимс цийлэгнээд уйлчих гээд байх юм. Яг сонсонгуут л зун очиж амардаг байсан Архангай аймгын Жаргалант сумын Мухар Тээлийн гол, эмээ минь, эмээгийн минь гэр, гадаа хураасан үхэр тэрэг, тэргэн дээр байх цартай ааруул, бурхантай бор авдар, аавын минь төрсөн Хөх өвөрийн өвөлжөө, ард дүнхийх Хүрэн өвөр уул, Чулуутын гол, ууланд идээшилж байгаа хонь мал гээд л хөдөөний ахуй маань тэр чигээрээ нүдэнд харагдаад байдаг юм.

Сонсоод л баймаар.