Булган уул минь

Сая болсон цагаан сарын битүүний өдөр Булган уулаа саналаа. Дандаа л санадаг л даа гэхдээ битүүнд илүү их саналаа. Өсөж төрсөн Архангайн Цэцэрлэг хотдоо байсан бол битүүний өдөр үзүүр түрүүний бөх дуусангуут л найзуудтайгаа яриад Булган ууландаа зулаа өргөхөөр гарах байсан даа. Жаахан байхад ч анги хамт олноороо яваад их л дээр гарч зулаа өргөдөг байж билээ. Зулаа өргөчихөөд бууж ирэхэд ч ярайгаад тун сайхан харагддаг сан. Сүүлийн үед хүмүүс машинтайгаа уулын энгэрт очоод, доор өргөчихөөд явдаг болсон байсан. Өргөдөг зулын тоо ч багассан байсан. Хүмүүс залхуу болоод, зул өргөх нь багассан юм уу даа. Ирэх жил битүүнд Архангай явж Булган хайрхандаа зулаа өргөнөө.

Загас тэжээж эхэлсэн түүх

Өнөөдөр өдөр гэв гэнэт бүр багадаа загас тэжээж байснаа санаад, марталгүй блог бичиж, тэмдэглэл үлдээж байна.

Хамгийн анх 2-р ангиа төгсөөд 3-р ангид орох зун байрны гадаа сууж байхад Мөнхтулга гээд байрны ах хүнд үзүүлэх гэж байгаа гээд шилтэй загас барьсан явж байхтай таараад тэрийг нь сонирхлоо. Тэгээд л хорхой хүрээд 2 эр 2 эм гуппи /Хээнлий гэж ярьдаг байсан/, 2 хээнлийний зулзага авлаа даа. 3 литрийн шилэн баллонд том 4 загасаа, 2 жижиг зулзагаа жижигхэн огурцыний шилэнд хийчихээд том өрөөний цонхны тавцан дээр тавьчихлаа. Зун байсан болохоор тун дажгүй хэдэн сар амьдарсан санагдана. Надад аквариум, халаагч, термометр, туршлага аль нь ч байсангүй. Анхандаа маш сонирхолтой байлаа. Нөгөө Мөнхтулга ахтай хамт гол яваад шумуулны авгалдай гээд жижигхэн мурилзсан өт жижиг шилэнд хийгээд авчирна, өнөөхөөрөө загасаа хооллоод л. 2 зулзага маань тийм авгалдай 2-г аргалж байгаад идчихээрээ дээрээс нь харахад гэдэс нь цүндийчихсэн харагддаг байж билээ. Хөдөө 7 хоног орхиж явчихаад ирсэн чинь ус нь ногоорч замагтаад, бүгд үхчихсэн байж билээ. Газар оршуулах гэж авч гараад, байрны нохойнууд бүгд гүйлдээд ирэхээр нь өгчихөж билээ.

За тэгээд хэсэг загас тэжээхгүй байж байгаад 5-р ангидаа аймар хийц муутай төмөр рамтай, баримлын шавраар шаваад шилийг нь тогтоочихсон аквариумтай боллоо. 15 орчим литр ус ордог байсан. Яаж яваад ч тийм аквариум олсон юм бүү мэд. Өмнөхөө бодвол термометртай болсон байлаа. Тэгээд усыг нь улайсдаг утастай 40 ваттын гэрэл дүрж халаана. Тэр үед тэжээдэг байсан зарим хүүхдүүд термометр байхгүй, чигчий хуруугаа усанд нэг дүрж үзээд л хэм нь таарч байгаа эсэхийг нь мэддэг байж билээ. Бас л овоо мэдрэмжтэй байсан байгаам шүү. Тэжээж байсан загас нь өнөөх л гуппи. Хэдэн ямар гуппинууд байсныг нь мартсан байна. Тэр үед байрны халаалт тийм сайн байгаагүй, гэр өвөл жаахан сэрүүхэн байдаг байсан. 17-18градус хавьцаа. Тийм болохоор шөнө гэрлээ унтраасан үед ус нь хөрөөд, өдөр нь гэрлээ асааж усыг нь халаагаад л хөөрхийс хичнээн зовдог байсан бол оо. Сүүлд нь нарийхан хуруу шилтэй, дотроо элстэй халаагчтай болсон, бас агааржуулагчтай болж байсан юм байна. Тэр халаагчыг бас залгаж салгадаг, их л болхи эд байлаа.

Тэгж байгаад арай цэвэрхэн хийцтэй бас л төмөр рамтай аквариумтай болсон юмаа. 20 литр ордог. Манайх 2 өрөө байранд амьдардаг байсан болохоор /одоо ч аав ээж хоёр минь амьдарч байгаа/ жаахан зай муутай, тэгээд ээж том өрөөнд загасны хоол энээ тэрээ гэж заваарахгүй гээд, жижигхээн гал тогоондоо тэжээдэг байлаа. Нэг дэвшилттэй нь аавыг хот руу явахад нь захиад, темпратураа өөрөө тааруулаад асаж унтардаг халаагч авчруулсан явдал байв.

6-р ангид байхад шилчин дээр очиж хэмжээгээр шил зүсүүлээд, ээжийг хот явсан хойгуур өөрөө силикон цавуугаар том өрөөндөө сайхан заваарч байгаад нэг аквариум хийж байлаа. Шилний энд тэнд жаахан жаахан силикон нааж заваартуулсаныг эс тооцвол тун дориун аквариум болж билээ. 8-р ангиа төгстөл тэр л аквариумдаа загас тэжээсэн гэж бодохоор чанар нь ч гэсэн өөрөө хийсэн гэхэд тун гайгүй болсон байх. Ганц ч дусал ус алдаагүй дээ. Харин ээжийг хотоос ирэхэд сайн загнуулж билээ. Яагаад гэхээр том өрөөний хивсийг силикон цавуугаар жаахан заваартуулсчихсан байсан хэрэг л дээ.

Тэжээдэг байсан загас нь өнөөх л гуппи. Угаасаа архангайд өөр загас тэжээдэг хүн их ховор байлаа. Мечнос, молли, алтан загас зэргийг тэжээдэг байсан хүүхдүүд цөөхөн байсан. Гуппинууд маань аквариумдаа зулзгаа төрүүлчихсөн л байдаг байсан, идэж л харагддаг байсан, том болчихсон ч байдаг л байсан. 8-р анги хүртлээ гуппигээ тэжээж байгаад 8-н зун хотоос 10 мечносын төл аваад аваачсан.  Тэр хэд маань ч сайхан өсөж том болоод 2 эр, 8 эм бие гүйцсэн мечностой болж билээ. 1 жил шахам тэжээгээд үр төл ч зөндөө авдаг болж билээ. Загаснуудаа харж суух их дуртай, хэдэн цагаар ч хамаагүй хараад л суучихдаг байсан. Хүүхэд байхдаа нэг иймэрхүү л янзтай загас тэжээдэг байж билээ. :-)

Samsung Galaxy S II screen capture

Андройд 2,3,5 ҮС-тэй Samsung Galaxy S II утсан дээрээ дэлгэцийн агшны зургыг авдаг апп суулгамаар санагдав. Маркет дээр ийм төрлийн апп-ууд зөндөө байгаа боловч бүгд утсаа root хийсэн байхыг шаарддаг юм байна. Утсаа root хийснээр янз бүрийн хортой код чөлөөтэй ажилладаг болох гэх мэт асуудалтай тул хийсэнгүй. Тэгээд хайгаад үзтэл рүүт энээ тэрээ хийж апп суулгаж барьж хүндрэлгүйгээр өөрөө дэлгэцийн агшнаа авдаг боломж байдаг юм байна.

Дэлгэцийн агшныг зургаар хадгалж авахдаа:

Home товчлуурыг дарангуутаа Power Товчлуурыг дарна. Доорх бичлэг дээр ойлгомжтой тайлбарласан байна.


Авсан зургуудыг сонирхуулбал: