Плэйофф ба миний таамаглал - 1

Дэлхийн хамгийн шилдэг лиг хамгийн сонирхолтой үедээ орох энэ мөчид хэдэн сар жилээр юм бичээгүй хуучруулсан блогтоо шинэ бичлэг нэмж байна. Юуны тухай гэдгийг тайлбарлах нь илүүц биз.

Плэйоффын эхний даваа ба миний таамаглал.

Өнөөдөр тоглох дөрвөн багийн таамаглал.

Chicago Bulls(62-20) - Indiana Pacers(37-45)

Чикагогын нялх бухнууд энэ улиралд ямар мундаг тоглож байгааг хэн хүнгүй л харж байна. Шагналаа аваагүй байгаа MVP (???) Деррик Рөүз, солилцоогоор ирсэн бүх одод тоглогч Карлос Бүүзэр, өсөн сайжирч байгаа Ноа нартай энэ багийн амжилт салшгүй холбоотой. Эхний тойргоо итгэл төгс даваад гарчихна гэдэгт итгэлтэй байна.

Тэдний өрсөлдөгч нь тийм ч сайн амжилттай биш Индиана. Од ч юм шиг биш ч юм шиг орон гаран тоглолт үзүүлдэг Дээни Грэнжер, Рой Хибберт, Майк Данливи гээд плэйоффын туршлага төдийлэн байхгүй залуучууд байгаа. Индиана энэ амжилтаараа өрнөд бүсэд байсан бол 12-р байранд байх байлаа. Дорнод бүсэд харьяалагддагтаа баярлах хэрэгтэй байх.

Чикаго 4-1 ээр цувралыг дуусгана гэж таамаглаж байна.

Philadelphia 76ers(41-41) - Маяами Хийт(58-24)

НБА-г үздэг сонирхдог хүмүүс гурван том бүлэгт хуваагддаг байх гэж би боддог. Жорданыг дэмжигчдийн бүлэг, Кобиг дэмжигчдийн бүлэг, Лэброныг дэмжигчдийн бүлэг гэж ... Хараад байхад 90-ээд оны НБА сонирхогч нар Жорданыг шүтэж, харин түүний дараагийн үеийн дэмжигч нар Кобиг Жорданы агуу амжилтын араас хөөж тоглож байгаа болохоор үзүүлэлт, статистик амжилтаар нь харьцуулдаг. Харин Леброн бол од болж гялалзаж гарч ирсэн цаг хугацаа нь Кобигийнхтай давхарддаг учраас хүмүүс энэ хоёрын тулааныг аваргын төлөө үзэхийг хүсдэг юм. Ийм финал болох аваас НБА-гийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй, хамгийн сонирхолтой финал болно гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Гэвч ийм сайхан учрал тохиохгүй байсаар хэдэн оныг өнгөрөөлөө. Ийм финал болохгүй байгаад Леброн л буруутай. Коби бол сүүлийн гурван жил дарааллан финалд гараад ирсэн шүү дээ. Ганц дайчин ганцаарддаг гэдгийг мэдэрсэн Леброн Драфтын нэг ангийн хоёр сүпер одтой үгсэн хуйвалдаж нэг зорилгын төлөө тоглохоор болжээ. (Энэ гурав нэг багт орсоныг урьдчилсан тохиролцоо гэж боддог.) Тэдэнд бөгж л хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Харин бөгжтэй болохын тулд тэйм.

Дорнод бүсийн 7-р байраар шалгарсан 76-чууд бол зөөлөн боорцог биш. Гэхдээ хатуу самар байж хараахан чадахгүй л болов уу. Тэд их гурвалын эсрэг юу хийж чадах вэ ???

Цувралыг 4-2 харьцаагаар Маяамигийн халуухан залуус дуусгана гэж таамаглалаа.

Atlanta Hawks(44-38) - Orlando Magic(52-30)

Плэйоффын нэгийн давааны хамгийн ширүүн тоглолт гарах цуврал гэж таамаглаж байна. Одоо тоглож байгаа хамгийн дөнгүүр төвийн тоглогч Шкафан цээжтэй Ховард, Хүчирхэг хулгана Жамеер Нелсон, турк залуу Хедо гээд л Орландо гарцаагүй сайн баг. Гол нь энэ багт довтолгоог эхлүүлдэг найруулан тоглогч дутуу юм уу даа гэсэн бодол байдаг. Дасгалжуулагч багаа нэг л хангалтгүй тоглуулаад байна уу даа. Харин Атланта бол Хорфорд, Смит, Жое Жонсон гээд залуучуудынхаа хүчээр хэдийнээ плэйофф-н баг болсон. Гэхдээ мөн л сүүлийн хоёр плэйофф-д хоёрдугаар шатаа давж чадаагүй гэсэн тааруухан амжилттай байгаа.

Улиралд энэ хоёр багын хоорондын харьцаа нь Атлантагын талд илүү байгаа шиг санаж байна. Гэхдээ л яаж ч магадгүй юм, аль нэгийг нь хожно гэж таамаглахаасаа ч айж байна. Гал гаргасан цуврал болно гэдэгт итгэлтэй байна. 4-3 - аар Атланта хожно гээд буудчихвал яадаг бол :P Долоон тоглолт бол болох байх. Харин Атланта юу Орландо юу таамаглалыг нээлттэй үлдээлээ. Атлантагийн талд 51 хувь.

Portland Trail Blazers(48-34) - Dallas Mavricks (57-25)

Портланд энэ улиралд ямар мундаг байнаа. Хэрвээ Оден бэртэл гэмтэлгүй Дюрантын хэмжээнд тоглоод (Дюрант - Оден гэсэн харьцуулалт утгагүй мэт санагдаж болох боловч нэг драфтын эхний хоёр сонголт учраас харьцууллаа. Дюрантаас илүү гэж үзээд сонгосон шүү дээ уг нь) Рой-н өвдөгний бэртэл байхгүй 100 хувь хүч чадлаа дайчилж тоглож байсан бол энэ баг өрнөдөд хэдийнээ хамгийн шилдэг нь байх байсан гэдэг нь тодорхой. Гэхдээ Алдриж дээрх хоёр тоглолчын дутуу орон зайг хангалттай нөхөж чадаж байгаа. Энэ улиралд магадгүй амжилт нь ахисан тоглогчын шагналыг авч болох юм. Даанч Кевин Лоов байгаа учраас авахгүй байх л даа. Одоо болтол яагаад бүх оддын тоглолтонд сонгоогүйг нь гайхдаг. Дээр нь аваад удаагүй байгаа боловч энэ багийн нэгэн хэсэг болж чадсан Жералд Воллес мөн нь плэйофф-т энэ багийн төлөө бүхнээ дайчилна.

Тэдний немц залуу Новицки тэргүүтэй Даллас Маврикс тулалдана. Жэйсон кидд, чандлер, терри гээд л мундаг тоглогч нар олон бий. Ганц харамсмаар юм нь Батлер гэмтлээс болоод плэйофф-д багтаа туслаж чадахгүй. Далласын тоглолт Терри-гийн тоглолттой холбоотой юм шиг санагддаг. Портландын залуучуудын эсрэг харьж яваа Далласынхан муугүй л тоглох байх, гэхдээ арай нь барахгүй болов уу.

Цувралд 4-2 - оор Портлэнд хожно гэж таамаглалаа.

За ингээд өнөөдөр тоглолт нь болох 8 багийн хувьд таамаглалаа дэвшүүллээ.

Мэдээж үргэлжлэл бий ... Тун удахгүй