Жүндийн хар морь

"Тунгалаг тамир" роман дээр Хонгорын хуриманд уригдан ирсэн Цахиур Төмөр хөтөлж ирсэн бор морио бэлэглэж өгөхдөө "за дүү минь наадах чинь хурдан морь ч биш, жороо морь ч биш, гэхдээ эр хүнийг хээр явгалахгүй л унаа даа" гэж хэлээд цулбуурыг нь гардуулж өгч байгаа тухай гардаг. Итгэлт баян үүнийг нь хараад эр хүнд унаа, тэр тусмаа ийм эрийн гараас авч байгаа морь гэж их бэлэгшээж гэж дотроо бодно. Хожим тэр бор морьтойгоо Хонгор хүү хичнээн аюулаас зайлж гарч байгаа тухай гардаг. Сайн морь эр хүний жинхэнэ нөхөр болдог байсан тухай зөвхөн энэ жишээнээс харж болно.

Дээр үед аавын нутагт (Архангай аймаг Жаргалант сум) Жүндийн хар морь хэмээх сайн морь байжээ. Жүнд гэдэг нь нэлээн өтөлсөн хойноо 120-130кг -тай өндөр бүдүүн хүн байсан гэх. Моринд сайн, сайн морь унах дуртай, морио унаад айл хэсэж халамцуу голцуу явдаг хүн байж л дээ. Сайн морь их унадаг байсан энэ хүн өтөлсөн хойноо ярихдаа би өдий олон жил наслахдаа хар морь шигээ сайн морь унаж үзсэнгүй гэж ярьж байсан гэнэ. Нэг удаа хоолт багийн төв дээр Жүндийн охиных нь бие муудаад сумын төв рүү мориор эмч авчрахаар явсан аж. Үүнд нь миний өвөө өнөөх Жүндийн хар морийг унаад явж л дээ. Хоолт багийн төвөөс гараад даваад явдаг гурван давааг давхиж даваад, цаашаагаа явахад дугтарч давхиад гар тасдчих шахаад л мөн ч тэнхээтэй адуу байж билээ гэж өвөө минь аавд ярьж байж. Аавын аав миний өвөө бол залуу насандаа Ховдын хязгаарт цэргийн алба хаасан, айл хунарын эмнэг хангал морийг сургаж, амыг нь зөөллөж өгдөг моринд эрэмгий хүн байсан аж. Тэр чигээрээ 40 50 км газар яваад Жаргалант сумын төв ороод тэндээсээ эмчийг морьтой аваад буцахад эмчийнх нь унаж байсан морь нь хар морины явдлыг даахгүй эцээд байсан гэж байгаа юм. Замд нь өртөөлөөд 2 удаа эмчийн морийг солиод буцаад Хоолт багийнхаа төвд очиж байсан байгаа юм. Ингээд бодохоор үнэнхүү тэнхээтэй сайн хүлэг байсан ажээ гэж бодогддог. 

Хар морь бол ном зохиолд бичигдсэн, домог байдлаар яригддаг халх даяар нэр алдраа түгээсэн цуутай хурдан хүлгүүдтэй хэдийгээр харьцуулагдахгүй боловч нутаг усныхандаа ам дамжин яригддаг алдартай тэнхээтэй сайн хүлэг байжээ. 

Хар морины нэг чанар бол унаж яваад буугаад морио услахад бусад морьдууд нь гүд гүд залгилж байхад ус уухгүй ганцхан балгаж амаа зайлчихаад л хярын толгой ширтээд л зогсоод байдаг байсан байгаа юм. Энэ занг нь сайн моринд л байх шинж гэж боддог.

0 сэтгэгдэлтэй: