LTE сүлжээ гэж юу вэ?

3 Хоногын өмнө Харилцаа холбооны зохицуулах хорооноос гар утасны оператор компаниудад үүрэн холбооны 4G LTE, LTE-A үйлчилгээ эрхлэх эрхийг нь өгснөө сайтаараа дамжуулан мэдэгдсэн юм. Үүнээс 1 хоногын дараа Мобиком компани энэхүү үйлчилгээг энэ оны 2-р улирлаас эхлэн хэрэглэгчиддээ хүргэхээ мэдэгдсэн бол Юнител 4G түрүүлж алхана гэсэн рекламаа мөн л цацлаа. Бодвол бусдаасаа түрүүлээд үйлчилгээгээ эхлүүлэх бололтой юм. Хэн нь түрүүлдэг нь хамаа алга, юутай ч энэ бол үүрэн холбооны дараагын дэвшилтэт үе мөн тул хэрэглэгчийг гар утасны хэрэглээний шинэ төвшинд аваачих нь ойлгомжтой. Монголд л шинээр хэрэгжиж эхлэх гэж байгаа боловч энэ нь одоогоос 10 гаран жилийн өмнөөс хөгжүүлэлтийг нь хийж эхэлсэн, хэрэглээнд нэвтрээд 10 жил болж байгаа сүлжээ бөгөөд Өмнөд Солонгосчууд нэлээн хэдэн жилийн өмнөөс LTE-н дараагын 5G сүлжээг хөгжүүлээд эхэлсэн юм. Бодвол одоо тэндээ хэрэглээнд нэвтрэх дөхөж байгаа байх. 

LTE - Long Term Evolution

4G LTE нь сүлжээний GSM/EDGE болон UMTS/HSPA техологи дээр суурилсан гар утасны өндөр хурдтай утасгүй холбооны стандарт юм. Энэ нь үүрэн холбооны 4-р үеийн сүлжээ бөгөөд (4th Generation = 4G) өмнөх 3-р үеийн сүлжээнээс (3G) татаж авах (download), илгээх (upload) хурдаар эрс өндөр. LTE-г хөгжүүлж өргөтгөөд LTE Advanced буюу LTE-A сүлжээг мөн бий болгосон юм. 

Хэрэглэгч энэ сүлжээнд холбогдож өндөр хурдны интернетийг хэрэглэхийн тулд юуны өмнө тухайн хэрэглэгчийн хэрэглэдэг үүрэн холбооны оператор тухайн байрлалд LTE сүлжээгээ нэвтрүүлсэн байх шаардлагатай мөн хэрэглэгч LTE сүлжээнд холбогдож чадах гар утас эсвэл USB Dongle төхөөрөмжтэй байх ёстой. Өөрийн хэрэглэдэг гар утсаа LTE сүлжээнд холбогдож чадах эсэхийг мэдэхийг хүсвэл утасны үзүүлэлт хардаг gsmarena.com, phonearena.com гэх мэт сайтуудаас утасныхаа модел дугаараар нь өөрийн утсаа хайж олоод, Network хэсгийг үзэх шаардлагатай.

Энэ сүлжээний давуу тал: Хурдан интернет гэдэг эрх чөлөө гэдгийг хүн бүгд мэднэ. Хүлээлгэж цаг алдахгүй хугацаагаа хэмнэх, Netflix гэх мэтийн entertainment stream-г гар утсан дээрээсээ гацалтгүй HD форматаар үздэг болох, том хэмжээний өгөгдлийг хурдан хугацаанд татаж авах, илгээх, ярианы чанар сайжрах гээд л тоочоод байвал зөндөө. 

Дутагдалтай тал: Хэрэглэж үзээгүй болохоор одоогоор тийм ийм гэж ярьвал худал ярьсан болно. Гэхдээ юун түрүүнд хэрэглэгч LTE хэрэглэхийн тулд LTE гар утастай байх хэрэгтэй. Манай оператор компаниудын дата үйлчилгээ өндөр үнэтэй, багцад дагалдах дата хэмжээ бага тул өндөр хурдтай интернет хэрэглэснээр дата нь хурдан дуусна. Энэ бол нийтийг хамарсан асуудал тул операторууд нэг шийдэл олж л таараа. Мөн LTE хурд нь төсөөлсөн хэмжээнд хүрдэггүй гэж өндөр хөгжилтэй орны хэрэглэгч нар гомдоллодог аж. LTE нь төрлөөсөө хамаараад 100-300Mbps хурдаар холбогдоно гэж тодорхойлдог боловч бодит амьдрал дээр энэ хурдандаа хүрдэггүй гэнэ. АНУ-н New York-д Verizon-н LTE гэхэд дунджаар download 30.1Mbps, Upload нь 17.6Mbps байдаг байна. Манай операторуудын QoS магтаад байхаар биш, Монголын интернет урсгал өндөр биш тул LTE-н хурд нь өөрсдийнх нь зөгнөөд байгаа шиг нисээд байх нь юу л бол. Гэхдээ 3G-тэй харьцуулахад ч хурдан болох нь болно л доо.

LTE нэвтрээд эхлэнгүүт үйлчилгээ үзүүлэгч компаниудын дата багц, үнэ тариф нь шинэ технологидоо нийцэж өөрчлөгдөх нь мэдээж. Энэ өөрчлөлт нь хэрэглэгч бидэндээ нааштай эерэг өөрчлөлт байгаасай. Хурай хурай

2 сэтгэгдэлтэй:

Хүрэлхуяг Магсар said...

Монголчууд чанарт биш нэрэнд л дурлаад байна даа.

Хүрэлхуяг Магсар said...

Монголчууд чанарт биш нэрэнд л дурлаад байна даа.