Гэрийн бичил ертөнц

Бичих ёстой хүн л блог бичдэг гэж үнэн шүү. Бичих зүйл олдохгүй өдөр хоног өнгөрсөөр блогтоо бичлэг нэмээгүй нэлээн уджээ. Одоо блог бичдэг нэг сэдэв нэмэгдлээ. Аквариумын загас тэжээж эхлэв. Өмнө нь 10 жилд байхдаа 5-р ангиас 8-р анги төгстлөө амьд зулзага төрүүлдэг загас тэжээж байсан туршлага байгаа болохоор дахин тэжээмээр санагдсан юм. Загас тэжээх болсон шалтгаан хэд хэд байна. Загасыг залхуугүй, цэвэрч, нямбай, хоббиндоо зав гаргаж чаддаг, амьтанд хайртай хүн тэжээж чаддаг гэж боддог. Дээрх зан чанаруудыг өөртөө сайн төлөвшүүлэх, амьтныг хайрлах сэтгэлтэй болох сайн талтай учраас загас тэжээгээд үзье гэж бодлоо. Мөн гэр дотор аквариум гэсэн бичил ертөнц үүсэж түүн дотор амьдрал бий болгоно гэдэг сайхан.

Дараах үе шатуудаар тэрхүү бичил эко системээ бэлдлээ.

1. Аквариумаа бэлдэнэ.

Усаа хийгээд, халаагчаа залгаад хонуулна. Карантны ус нь хлортой байдаг болохоор карантнаас тоссон усаа дор хаяж 1 хонуулж байж загасаа хийнэ. Эсвэл Хлор арилгагч гээд загасны дэлгүүрүүдэд үрэл, эсвэл шингэн зардаг юм билээ. Яарсан үед тийм зүйл ашиглаж болох байх.

2. За усаа хонуулж хлорыг нь арилгаад, загас хийхэд тохирох темпратур хүртэл нь халаасны дараа хайрга, ургамал зэргийг хийнэ. Хайрга сонгох, ургамал сонгох зэрэгт аквариумын загас сонирхогчдын блогыг уншиж зөвлөгөө авсан. Аквариумаа тохижуулж, загасаа хийхэд бэлэн болчихоороо загасаа хийнэ.

3. Хорооллын усан оргилуурын ард байдаг загасны дэлгүүрүүдээс Амазонк ургамал, 10 мечнос, 10 суматрын барбус, 4 скаляр авсан. Дандаа нас биед гүйцээгүй жижиг загаснууд авсан юм. Жижгийг авч өөрөө томруулах нь гоё санагдсан л даа. Даанч тун санаанд ороогүй зүйл болсон нь Суматрын барбус нь 10-аараа сүрэглэчихээд Скалярныхаа сүүл сэрвээг шоглож, сахилгагүйтэж эхэлвээ хөөрхий. Уншаад үзтэл угаас энэ гайхал чинь 4-ээс дээш тоогоороо аквариумд байхаараа сүрэглээд, амьдралын идэвхи нь нэмэгдээд урт саглагар сүүл, сэрвээтэй загаснуудын сүүл сэрвээг идэж шоглодог болох нь батлагдлаа. Уг нь бөөндөө бужигнаад сүртэй хөөрхөн юм билээ. Мечносыг ч гэсэн амар тайван байлгахгүй нь тодорхой болов. Болдог бол 3-4 аквариум тавьчихаад л загаснуудыг төрөл төрлөөр нь тусад нь тэжээвэл зүгээр санагдсан. Энэ бодлоо яваандаа хэрэгжүүлнээ л гэцэн байгаа.

За тэгээд уг нь бол хөөрхөн, гэрийн уур амьсгалыг лаг гоё болгож байгаа нь нүдэнд илт. Аквариумдаа загас, ургамалнуудаа хийсэн байх үеийнх нь зураг нь энэ байна.


Ирсэн хүмүүс өхөөрдөөд л, бүгд гоё харагдаж байна гэж хэлсэн. Амьд загас, амьд ургамал, тэгээд устай цэвэрхэн шилэн сав. Хүнд сайхан харагддаг бололтой. За эхлэл нэг иймэрхүү. Янзлах засах, сайжруулах зүйл их байна. Яваандаа бага багаар нь сайжруулж аквариумаа гоё болгоноо.

Үргэлжлэл бий ... :-)


0 сэтгэгдэлтэй: