П.Бадарч - Есөн эрдэнийн эх орон


Eson erdniin eh oron - Puntsagiin Badarch

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

Эргэх эх дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын минь шимт хөрсөнд төлжиж
Эрднийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын минь удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Энэрэлт төрийн минь далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрднийн соёмбо үсэг элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачтай төрийн минь сүлд алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосынх нь дурсгал ч алтан
Миний эх орон алтан эрднийн билээ

Саваа дүүрэн мэлтэлзэх онон хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр очиход минь мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж аянд хүүгээ үдсэн
Санаа цайлган эжийн минь цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын минь хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн минь зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлийн халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь ч мөнгөн
Миний эх орон мөнгөн эрднийн билээ

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын минь
Уухайлан мандуулсан туг шүр адил уяаран билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал нь минь шүр адил улааран билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооно бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран биеэ найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ ч шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрднийн билээ

Өргөн талын элгэнд чандамланхан буусан
Өргөө цагаан гэрүүд минь татан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын минь
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл бэлгэдэж өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь цагаан
Хангайн цагаан оргил нь танан
Харшийн цагаан орд нь ч танан
Миний эх орон тана эрдэнийн билээ

Үүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Үелээд татсан талын минь энгээр тархан бэлчсэн
Үржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Үнэрт тансаг өвсний ширхгийг тоолон буусан
Үүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Үр буяны тэнгэр саальчин монгол хүүхнүүдийн минь
Үсний гоёхон даруулга нь сувдан хээтэй байхым
Хөх тэнгэрийн одод сувд
Хөдөө талынх нь сүрэг сувд
Энх үүрийн нь шүүдэр сувд
Эгэл хүүхнүүдийн гоёл ч сувд
Миний эх орон сувд эрдэнийн билээ

Эр биеийн хийморь сэргээж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялаж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин нь зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нурууг холбож
Эвийн гагнуур тавитал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ

Ухаан санаа цэлмээх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь ч оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ.

~~~~~ Татах ~~~~~

1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

dajgulin