Зуслангийн дурсамж 1

Өчигдөр шөнө унтах гээд хэвтэж байсан яагаад ч юм багадаа амардаг байсан зуслан маань санаанд ороод, бичмээр санагдаад болдоггүй. Үргэлжлүүлэн бодож, багынхаа бүх л гоё гоё дурсамжуудыг эргэн санасан. Сайхан байсан шүү. За багадаа амардаг байсан "Тамир" зуслангийнхаа дурсамжийг сэргээе.

Миний өсөж төрсөн нутаг Архангай аймгийн төв цэцэрлэг хот нь 20 гаруй мянган хүн амтай, жижгэвтэр аймгийн төв. Аймгийн төвөөс 40 шахам км зайтай Булган уулын салбар уулсын баруун тийшээ харсан модтой, устай сайхан байгальтай аманд Тамир хэмээх хүүхдийн зуслан байдаг байлаа. Анх 1953 онд байгуулагдаж байсан ууган зуслангуудын нэг юм байгаам.

Аймгийн төвийн хүүхдүүд зуны амралтаараа зусланд их явж амардаг байлаа. 6 сарын 10 наас эхлэн 10 хоногоор 6 ээлж амарна. Хэд хэдэн ээлж дамнаж амардаг хүүхдүүд ч байдаг байсан.

Би бол 2 дугаар ээлжээр дандаа явдаг байлаа. Наадмын өмнө 7 сарын 1нээс 10ны хооронд. Тамир нэртэй кино театрынхаа өмнө цуглаад л машиндаа чихцэлдэн суугаад л явж оддог байж билээ. Зуслан дээр очоод байрлах, бүлэгт хувиарлагдах гэж бөөн ажил болно. Очоод дотроо өрөөнүүдтэй дүнзэн байшин, дан шовгорууддаа хуваагдаад л ордог байж билээ.

Миний санахын нэг удаа 2-р ээлжээр 200 гаран хүүхэд амарч байсан. Хоолондоо хоёр ээлжээр ороод л, 7 8 бүлэгтэй, хоолондоо орохдоо бүлгийнхээ нэрийг уриатайгаа хэлээл орилоол явдаг, мөн ч сүртэй байдаг байж билээ.

Ер нь зусланд олон хүүхэд амрахаар хоол унд багасдаг ч гэсэн бужигналдаад илүү гоё байдаг юм. 8-р ангиа төгсөөд явж байхад зусланд нийт 20 гаран хүүхэд амарч байлаа. Хамгийн бага нь тэр юм уу даа. Хоол болгон дээрээ нэмүүлж идээд л бас л сайхан.

Өдрийн дэглэм гэвэл ер нь жил болгон бараг л адилхан байсан. Өглөө эрт босож өглөөний дасгал хийнэ. Энэ нэлээн хүнд байдаг байлаа. Шөнө бүжиг тарсаны дараа бужигналдаж, унтахгүй удсан хүүхдүүд өглөө босохгүй гэж багштайгаа үзэлцэнэ шүү дээ.

Дасгалаа хийчээд өглөөний цайны цаг болтол гар нүүрээ угааж, охид будаг шунхаа түрхэж бэлтгэцгээдэг байлаа. Зуслангийн угаалтуурт бужигналдаж угаах, эсвэл гол орж угаадаг байсан. За тэгээл 9 цагт бүрээ дугарахаар өглөөнийхөө цайнд очиж орно шүү дээ. Өглөөний цай нь ихэвчлэн гурилан тостой талх, каш эсвэл сүүтэй будаа байдаг байлаа. Бүрээн дуу гэснээс хоол болгонд ороход дугардаг бүрээг дууриаж хүүхдүүд төмөр орны толгой үлээж бие биенээ их хуурдаг байж билээ. Ойролцоо байгаа хүнд яг л адилхан сонсогдоно. Хоолны цаг дөхөхөөр л өрөөнөөсөө гарч үлээчихээд нуугдчихдаг байж билээ. Хүүхдүүд хууртаад л мөн ч гоё шүү.

Өглөөний цайны дараа бүлгийн ажлын цаг, сүүлийн жилүүдэд дэглэм нь сулраад хүүхдүүдийн чөлөөт цаг болсон доо. Энэ үеэр хүүхдүүд хөзөр тоглох, тасаг хэсэх, биеийн тамирын талбай орох гэх мэтээр цагаа өнгөрөөдөг байсан даа. Дараа нь 11 цагаас нэг ундтай бас. Тараг, эсвэл айраг, сироп зэргийн аль нэг нь байна.

Ундны дараа ч гэсэн хүүхдүүд хийж байсан юмаа үргэлжлүүлж өдрийн хоолоо хүлээдэгсэн. Ер нь ингээд бичсэн нь хоолны цагуудын хооронд л амьдрал үргэлжилдэг байсан мэт харагдаж байна. Тэхдээ тийм л байсан юм чинь дээ.

Ингээд байж байтал өдрийн хоолны цаг болно гэж байгаа. Бүлэг бүлгээрээ жагсаад, бүлгийнхээ уриаг хэлээд жагсаалаар хоолондоо явна. Очоод хоолныхоо танхимд мөн л бужигналдан цай хоол зөөцгөөж, эцэс төгсгөлгүй шулганалдацгаана. Яг л болжморын сүрэг мэт. Хоолны дараа цадсан хүүхдүүд зарим нь унтах, тоглох, уул руу явах зэргээр нэг хэсэгтээ л нам гүм болцгоодогсон. За энэ мэтээр 5 цагын унд, 7 цагын хоолонд орсоны дараа өдрийн хамгийн оргил хэсэг болох оройны бүжиг эхэлдэг байлаа. Оройны бүжиг бол таалагдаж байгаа охиноо уянгын бүжигт урих, оройн тойрог хийх далимаар хажууд нь зогсож гарыг нь барих гэх мэтэд сайхан боломж байсан тул бүгд л үүнд дуртай.

Бүжиг дуусаад бүгд тойрог болж зогсоод гар гараасаа барьж ... хөлтэй хөөртэй өдөр өнгөрч ... гээд л дуулдаг байлаа. Оройн тойргын дараа бараг хүн бүгдэд зориулж тавтай нойрсоорой, бүрээний дуугаар сэрээрэй гэх утгатай дуу дуулж өгцгөөгөөд тасаг тасгаараа унтахаар таран оддог байж билээ. Энэ бол зуслангийн нэг өдөр. Хүүхэд насны минь хамгийн хөөр баяртай, сайхан өдрүүдийн минь нэг.

Тухайн үедээ хамгийн сайхан цэвэр агаарт, хамгийн эрүүл орчинд хамгийн сайхан амардаг амралт байсныг хожим оюутан болсон хойноо хотын утаатай өвөл л мэдэрч билээ.

Энэ удаадаа ингээд дуусгая. Мэдээж хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр анги гэж бий. Ооны баяр, зуслангийн тэмцээнүүд, сайхан сайхан дурсамж, багш нартайгаа шөнө нинжа болж үзэлцэх гээд л зөндөө олон адал явдалтай. 7 сарын 10нд зуслангаасаа ирээд л гэртээ үхсэн юм шиг хэдэн цаг унтдаг байж билээ. Ээж амрах гэж явсан хүн ядарчаад ирхиймаа гээд л үглэж өгнө дөө. Хүүхэд нас минь нүдэнд харагдсан хэвээр ... To be Continued

0 сэтгэгдэлтэй: