Бүтэн сайн өдөр болохоор завтай, гэртээ сайхан амарч байгаа, тэгээд ам халчихсан байгаа болохоор жаахан бичмээр санагдлаа. Би их мөрөөдөмтгий хүн, хийсвэр, хэзээ ч бүтэхгүй мөрөөдлүүд байна, бас бүтэх мөрөөдлүүд ч байна. Мөрөөддөг зүйлсийнхээ заримаас нь бичье.
Мөрөөдөл 1. Би эрт дээр үед амьдарч байсан болоосой гэж мөрөөддөг юм. Идэр гурван есийн жавар тачигнасан хээр талаар тарган морь цантуулан давхиж, дулаахан тухтай өвөлжөөн дэх гэртээ чанасан мах идэж, өвгөдийн ярьдаг үлгэр, туульсийг өвлийн шөнийн уртад сонсон суудаг байсан бол юутай жаргалтай вэ. Усны тунгалагыг ууж, өвсний соргогыг иддэг малаа маллаад л, ариухан агаарт экологын цэвэр бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд л, нүүдэлчдийн хэдэн мянганы турш амьдарч ирсэн соёл, зан заншил ч тасархай л даа.
Мөрөөдөл 2. Би нэг SUV манайхны ярьдгаар Жийп машин, бас их гоё камер бэлтгэчихээд Монгол орноо тойрон аялж, явсан газруудынхаа зургыг нь гоё авч хадгална гэсэн мөрөөдөлтэй. Машинаа аялалд зориулж тоноглоод, аялалдаа хэрэгтэй бүх зүйлийг бэлтгээд, машинаа бариад аялалдаа гарах юмсан. Алтайн сүрлэг уулс, Алтайн цаадах говийн онгон дагшин байгаль, Хорьдол сарьдагийн нуруу, дархадын хотгор, Хархираа түргэний гол, Хан хөхийн уулс гээд л сонирхлыг минь татдаг газар зөндөө зөндөө. Нээрээ өвөө минь Байтаг Богдод цэрэг байсан гэсэн. Дээр үеийн хугацаагүй гэлүү 5 жилийн гэлүү цэрэгт татагдаж яваад сураг тасарсан өвөөг минь ирэхгүй нь дээ гэж байтал нэг л өдөр ороод ирсэн гэж эмээ аав хоёрын хуучилж байхыг сонсож байсан юм. Намайг төрөхөд өвөө маань тэнгэрт хальсан байсан болохоор би өвөөгийн амьд сэрүүн үеийг мэдэхгүй. Гэхдээ л зурган дээрээс нь харахад сэтгэлд их л ойр, дулаахан сайхан байдаг юмаа. Түүх судалж байгаад Байтаг Богдод заавал очиж, өвөөгийнхээ цэргийн алба хааж байсан газрыг олж очно гэж боддог юм. Түүхэн газрууд, сайхан байгальтай газруудаар аялахдаа заавал тухайн газрын түүхийг уншиж судлаад цэгцтэй мэдлэгтэй болно гэж боддог юм.
Мөрөөдөл 3. Энэ бол мөрөөдөл хоёртой холбоотой. Монголын бүх өндөр уулын оройд гарч үзэх. Би өндөр уулын оройд гарч алсын бараа харах дуртай. Өндөр уулсын орой болгон дээрээс зураг аваад, уул болгоны оройгоос 1 чулуу цуглуулганд зориулж авна гэж боддог.
Мөрөөдөл 4. Мэдээллийн системийн аюулгүй байдал, хамгааллын мундаг мэргэжилтэн болох. Тэгээд л нэг том банкны, компанийн мэдээллийн системийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллах юмсан гэж мөрөөддөг. Тэгээд л өндөр мэдлэгтэй, хангалттай цалинтай, жаргалтай гэр бүлтэй, том сайхан байшинтай санаа зовох зүйлгүй тайван амьдрах юмсан.
Мөрөөдөл 5. Хойд туйл руу аялаж, хойд туйлын туяаг нүдээрээ ажиглах, зургыг нь авах.
Цаг хугацааг ухрааж чадахгүй болохоор мөрөөдөл нэг биелэхгүй нь харамсалтай. Харин бусад мөрөөдлөө зорилго болгож тавиад, зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөөд байвал хүрч л таараа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгээд байж дээ.
Мөрөөдлүүд
Posted by baterdene Labels: Бодол, Миний тухай at 18:16
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment