Компьютертай танилцсан түүх

Энэ комбийтор гээч ер нь агуу зүйл шүү. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн сайн бүтээлийг компьютер л гэж хэлнэ. Хамгийн анхны хэдхээн байтын багтаамжтай хоёр гурван давхар байшин шиг байснаас эхлээд одоо бол эмэгтэй хүний пүдрний хайрцаг шиг хэмжээтэй болтол жижгэрч, түүхэн хөгжлийн урт удаан зам туулжээ.

Харин би гээч хүн энэ компьютер гээч агуу зүйлтэй хэрхэн хамгийн анх танилцаж байсан юм бол доо. Өнгөрснөө эргэн саная.

Миний санаж байгаагаар намайг 5 билүү 6 настай байхад аав нэг удаа эрээн яваад, буу нтэр залгаад буудаж тоглож болдог, хоёр гартай нэг хужаа компьютер авчирч байсан юм байна. Одоо бодоод байхад тоглоомын консоол л байж дээ хөөрхий. Тэр нь нэг тоглоомтой. Тэр нь Бомбермен байлуу яалаа. Дигэр ч арай биш байсан байхаа. Нэг тиймэрхүү тоглоом байсан санагдаж байна.

Тэр үед өнгөт зурагтанд компьютер залгаж тогловол зурагтны өнгө мууддаг гээд нэг ойлголт байсан юм шиг байгаан. Тэгээл аав ээж хоёр ганц хоёр тоглуулж хорхой хөдөлгөчихөөд л ахиж тоглуулаагүй санагдаж байна. Тэгээд яасын мэдэхгүй манайхаас алга болчихсон. Аав ээж 2 хүүхдүүдийн хараа муудна гээд зарчихсан гэж сүүлд нь яриж байсан юм. Хамгийн анх компьютер гээч зүйлтэй ингэж л танилцаж байлаа даа.

Харин Персонал Компьютерыг бол анх ээжийн ажил дээр харж байлаа. Ээж тэр үед нэг банкинд ажилладаг байсын. Ажил дээрээ нэг ПС хэрэглэж баахан тайлан тооцоо гаргадаг байсан юм шиг байгаан. Тэр үед мань мэтийн бацаан тэрийг нь яаж мэдэхэв дээ.
Харин одоо бодоод байхад тэр ажилладаг байсан програм нь БАНКС гээд нэг банкны тайлан тооцоо боддог програм байсан юм билээ л дээ. Тэр нь Бэйсик юм уу Паскаль дээр бичигдсэн, график орчин байхгүй Консоол дээр ажилладаг байсан юм. Гэхдээ тэр нь ямар ч байсан монголчуудын хийсэн програм байсан гэдгийг хэлье. Бас ASCII code дэмждэг байсан байх, монголоор өгөгдөл оруулж болдог байсан юм. ПС нь харин 186 байлуу эсвэл тэрнээс ч өмнөх үеийн эд байж магад. Ээжийн анхных нь ПС маусгүй байсан юм. Тэхээрээ их л эртний эд байсан байх гэж байгаан. Тэгээд сүүлдээ бараг жил болгон билүү сайжруулсаар, яг миний мэдэж байгаагаар 286, 386, 486, 586, Pentium гээд бүх төрлийн процессортой ПС дээр ажлаа хийдэг байсныг сайн санаж байна.

Поле-Чудес гээд нэг тоглоом байдаг байлаа. Ээжийн ажил дээр гүйж очоод л тэр тоглоомыг нь мөн ч их тоглодог байж билээ.

Харин хоёрдугаар ангид байхдаа би гуйсаар байгаад нэг компьютер авахуулж билээ. Тэр нь нөгөө хужаа компьютер гэж нэрлээд байдаг, танк, марио эд нар байдаг компьютер. Гэхдээ энэ үед нөгөө өнгөт зурагтан дээр тогловол зурагтны өнгө мууддаг гэсэн үзэл нь хэвээр байсан тул би нэг хар зурагтан дээр тоглодог байж билээ. Танк, Марио гээд зөндөө олон тоглоомуудыг нь төгсгөж байлаа. Тэхээрээ их л тоглодог байсан байх гэж байгаан.

3-р ангид байхад SEGA тоглоомын газар нээгдээд, анх орж тоглосноосоо хойш байнгын үйлчлүүлэгч болсон доо. Яг тэр үед Mortal Combat гээд зодолддог тоглоом ид моодонд орж байлаа. Тэгээд тэр тоглоомонд донтсон доо гэж. Тэр гэхдээ үнэхээр гоё тоглоом байсныг тоглодог байсан хүмүүс хэлэх л байх. Яс бутлалт, тамлалт, комби гээд л зөндөө олон гоё гоё юмтай. Гарынхаа долоовор, дунд хоёр хурууг нийлүүлж бариад, ядам, чигчий хоёр хуруугаа нугалхаар Сеганы гарны 6 товчлууртай нь хурууны үенүүд адилхан болдгийн. Тэгж баричаал нөгөө гарынхаа эрхий хуруугаар яс бутлалтуудаа давтаал явдаг байсан гэж байгаа. Гуравдугаар ангийхаа хавар нь өөрөө Сега авахуулснаар Сега тоглоомын газрын VIP membership байхаа больж билээ. Хааяа өөрийхээ сурсан юмаа гайхуулах гэж, тоглоомын газрын хүүхдүүдтэй тоглож үзэх гэж тийшээ ордог боллоо.


Хамгийн анх компьютертэй танилцаж байсан түүх минь нэг иймэрхүү л байх шив дээ. Дараа нь компьютертэй нөхөрлөж эхэлсэн тухайгаа бичнээ.

0 сэтгэгдэлтэй: