Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу ?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байнаа.
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу?
Сэгс Цагаан Богд ууланд
Сэрүү унах болоогүй юм уу
Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна.
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэх
Намрын говь дулаахан байна.
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм.
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
"Батиар" биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулзахын заяа өгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ.
Сэгс Цагаан Богдоо орхиод
Сэтгэл юугаа дагаяа гэвэл
Хонгол таны гэргий болоод
Хот газар сууя гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүйн
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйцсэн байшинд суухаар
Утаагүй галд цайгаа чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаанбаатарт очьёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Булган хангайн цагаан өвөлд
Булган дээлтэй ч даарах болов уу?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Улаанбаатар сайхаан!
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан!
Өдөн дэрнээс
Өглөө өндийн
Өнгийн шаахай
Өлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нөмөрч
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээрийн нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зуугын булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаахай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхавал
Аяа бас жаргал бус уу!
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хөвсгөр диваанд шигдэн
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс Цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод болохгүй нь!
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь!
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван замбуу ...
Нэр нь хүртэл шүлэг
Нээрэн сайхан нутаг!
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгийн долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ.
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалийн зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрихны бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нартай илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далайн зэрэглээнд тунан
Өртөө газраас айлийн гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагьсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ.
Ялаа халтирам ханан цавчилд
Янгир, ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан цавчилд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу, хулантай уралдан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг минь
Гоц сайхан болж байна
Цагаан суурин хээр босч
Цахилгаан дэн гэрт асч
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэн байна.
Хүний санаа алс сууж
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна.
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаанбаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл минь өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж, өрхнөөс нь татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шарлаг хөлгөн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голын алимаар дайлъя
Усан үзмийн багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмсгөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалч буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамт өгье
Маргад тэнгэрийн чулуун сүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс Цагаан Богд
Хөөрхөн хархүү
Сайн байна уу ?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байнаа.
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу?
Сэгс Цагаан Богд ууланд
Сэрүү унах болоогүй юм уу
Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна.
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэх
Намрын говь дулаахан байна.
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм.
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
"Батиар" биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулзахын заяа өгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ.
Сэгс Цагаан Богдоо орхиод
Сэтгэл юугаа дагаяа гэвэл
Хонгол таны гэргий болоод
Хот газар сууя гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүйн
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйцсэн байшинд суухаар
Утаагүй галд цайгаа чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаанбаатарт очьёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Булган хангайн цагаан өвөлд
Булган дээлтэй ч даарах болов уу?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Улаанбаатар сайхаан!
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан!
Өдөн дэрнээс
Өглөө өндийн
Өнгийн шаахай
Өлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нөмөрч
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээрийн нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зуугын булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаахай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхавал
Аяа бас жаргал бус уу!
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хөвсгөр диваанд шигдэн
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс Цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод болохгүй нь!
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь!
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван замбуу ...
Нэр нь хүртэл шүлэг
Нээрэн сайхан нутаг!
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгийн долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ.
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалийн зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрихны бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нартай илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далайн зэрэглээнд тунан
Өртөө газраас айлийн гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагьсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ.
Ялаа халтирам ханан цавчилд
Янгир, ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан цавчилд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу, хулантай уралдан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг минь
Гоц сайхан болж байна
Цагаан суурин хээр босч
Цахилгаан дэн гэрт асч
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэн байна.
Хүний санаа алс сууж
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна.
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаанбаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл минь өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж, өрхнөөс нь татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шарлаг хөлгөн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голын алимаар дайлъя
Усан үзмийн багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмсгөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалч буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамт өгье
Маргад тэнгэрийн чулуун сүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс Цагаан Богд
Д.Пүрэвдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment