Америкийн Монголчуудын мэдээлэл холбооны салбарынхан шагнуулжээ

Мэдээлэл холбооны технологийн салбараар Америкийн зах зээлд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа монголчуудын төлөөлөл П.Амгаабаатар (Ilios Networks Inc. - Chicago, IL), Ш.Баатар (Allstate - San Francisco, CA), Л.Бат-Өлзий (Microsoft - Seattle, WA), Э.Жагдагдорж (Semco Incorporated - Columbia, MO), М.Сувдмаа (Yahoo! Inc. - San Francisco, CA), Б.Ундрахбуян (Temple University - Philadelphia, PA) нарыг "Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан" тэмдгээр Монголын мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас (МХХТГ) шагнажээ. Шагналыг тухайн хүмүүсийн амьдарч буй хотын шинэ жилийн үдэшлэг дээр гардуулсан байна. Мэргэжлээрээ амжилт гарган Америкийн компанид тогтвортой олон жил ажиллаж, мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан салбар, тасгийн дарга хийх, их дээд сургуульд багшлах гэдэг нүсэр их хөдөлмөр, том амжилт билээ. Ийн амжилт үзүүлсэн монгол хүнээ урамшуулах, эргэж эх оронтой нь мэргэжлээр нь холбох, бусдад үлгэр дууриалал болгох, өндөр хөгжилтэй улс, байгууллагын соёл, ажлын зарчмыг монголчууддаа суралцуулах нь чухал ажлын нэг хэмээн үзэж Америкийн монголчуудын худалдааны танхимаас (АМХТ) дээрх шилдэгүүдийг шагналд тодорхойлжээ.


Цаашид Монголын Засгийн Газар, МХХТГ-с АНУ-тай холбоотой олон үйл ажиллагаа өргөн хүрээтэй явуулахдаа энд мэргэжлээрээ ажилладаг монголчуудыг зохих хэмжээгээр татан оролцуулбал тэдний мэдлэг чадвар, харилцаа холбоо, профессионал байр суурь Монгол улсад маань мэдээлэл холбооны технологи хөгжүүлэхэд томоохон нэмэр болох юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баярыг Вашингтон Ди Си хотноо монголчуудтай уулзахад АМХТ-н төлөөлөгч товч танилцуулж байсан билээ.

Монголын мэдээлэл харилцаа холбооны технологийнхон Америк дахь Монголчуудтай хамтарч олон сайхан амжилтад хүрнэ гэж бид бүгд итгэдэг. Мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүнүүддээ ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

Америкийн Монголчуудын худалдааны танхимын ажлын хэсэг

Нэг. П.Амгаабаатар (Ilios Networks)

Пүрэвжалын Амгаабаатар нь Илиос Нэтворкс компанийн Ерөнхийлөгч, ахлах зөвлөхөөр 2006 оноос ажиллаж байгаа. Microsoft, Cisco компаниудын мэргэшсэн мэргэжилтэн (Microsoft Certified System Engineer, Cisco Certified Network Associate), Ilios Networks компани нь Microsoft Certified Partner юм. 1998 оноос АНУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байна.

Ilios Networks - President & Owner; 2006 - өнөөг хүртэл
Always Inc. - VP & Senior Consultant; 2003 - 2006
Always Inc. - Consultant; 2000 - 2003
Regency - Technology Consultant; 1998 - 2000
Өмнө нь Монгол банкинд мэргэжлээрээ ажиллаж байсан. Гүрж улсын Тбилисийн техникийн их сургууль төгссөн. Мөн П.Амгаабаатар нь Монгол руу яриа оруулдаг, програмчлалын оутсорсинг хийдэг АНУ-д бүртгэлтэй Аргамаг Инкорпоратэдийг үүсгэн байгуулалцаж, удирдан ажилладаг. Тус компанийн Монгол дахь харилцагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч технологийн асуудлыг хариуцан ажиллаж, ажиллах хүчийг бэлтгэх ажилд оролцдог.

Хоёр. Ш.Баатар (Allstate)

Др. Ширчингийн Баатар нь Оллстэйт корпорацид ахлах зөвлөх (senior consultant) хийдэг. 1998 оноос АНУ-д Селикон хөндийд ажиллаж, амьдарч байгаа. Өмнө нь АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль, Харвардын их сургуулийн анагаахын дээд сургууль, Японы Хамамацу их сургуульд эрдэм шинжилгээний судлаач, Монгол Улсын Анагаах ухааны хүрээлэнд программ зохиогчоор ажиллаж байсан.


Өндөр хөгжилтэй оронд мэргэжлээрээ ажиллаж мэдээллийн технологийн салбараар дэлхийн хэмжээнд шийдэл хийж явах нь өрсөлдөөн ихтэй, технологийн, шинжлэх ухааны болон зохион байгуулалт, харилцааны талаар өөрийгөө үргэлж хөгжүүлж байдаг амаргүй ажил юм. Ш.Баатарын хөтөлдөг блог болон бусад вэбүүдээр гарсан нийтлэлүүд олон залуу мэргэжилтнүүдэд сургамж, зөвлөгөө болдог.


Др. Ш.Баатар мэдээлэл холбооны технологийн салбарт өндөр хөгжилтэй оронд мэргэжлээрээ ажилласан анхны Монголчуудын нэг юм. Мэргэжлийнхээ ажлын хажуугаар Монголчуудын дунд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Гурав. Л.Бат-Өлзий (Microsoft)

Лувсанбатын Бат-Өлзий Майкрософтийн компайлар департменийн тэргүүн програм зохиогч инженерээр (Lead Software Design Engineer) ажилладаг. C# хэлээр програм бичих чадвар нь өндөрөөр үнэлэгдэж дэлхийн тэргүүлэх технологийн фронтод амжилттай ажиллаж байна. Хавайн Бригхам Ёонг их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны сургуулийг (Computer Science, Brigham Young University - Hawaii Campus) төгссөн. 2001 оноос АНУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байна.

Microsoft - Lead Software Design Engineer; May 2007 - өнөөг хүртэл
Microsoft - Software Design Engineer; May 2001 - May 2007

Дөрөв. Э.Жагдагдорж (Semco Incorporated)

Эрхэмбаярын Жагдагдорж 2000 оноос Симко Инкорпоратэдэд Ай Би Эм Лотус Нотес, Домино хөгжүүлэгчээр ажиллаж байгаа. Ай Би Эмийн мэргэшсэн мэргэжилтэн (IBM Certified Advanced Application Developer - Lotus Notes and Domino). Америкт ажиллах хугацаандаа 50 гаруй цогц программчлалын төсөлд оролцож код бичсэнээс 16-г нь ахалж ажилласан.

Монгол руу яриа оруулдаг, программчлалын оутсорсинг хийдэг АНУ-д бүртгэлтэй Аргамаг Инкорпоратэдийг үүсгэн байгуулалцаж, удирдан ажилладаг. Тус компанийн Монгол дахь харилцагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч технологийн асуудлыг хариуцан ажиллаж, ажиллах хүчнийг бэлтгэх ажилд оролцдог.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг монголчуудын жижиг бизнес, олон нийтийн байгууллагуудад мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх, вэб хуудсуудыг хийх зэргээр тусламж дэмжлэг үзүүлдэг. Мөн Америк дахь Монголчуудын худалдааны танхимыг тэргүүлдэг.

Э.Жагдагдорж эх орондоо ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагууд сонин, телевиз, радиод анхлан мэдээллийн технологи хэрэглэх талаар амжилттай ажиллаж байсан. Зочид буудал, хүнд хөнгөн үйлдвэрлэл, худалдааны сүлжээний цогц программ хангамж болон санхүүгийн монгол программ зохиох ажилд оролцож, хэд хэдэн төслийг удирдаж байсан. Монголд Интернэт хөгжүүлэх, анхны онлайн мэдээллийн монгол хуудсуудыг бий болгох ажлууд, монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулахад олонтаа оролцож, олон улсын олимпиадад багаа ахлан оролцуулж байсан.

Тав. М.Сувдмаа (Yahoo! Inc.)

Др. Мягмарын Сувдмаа 2008 оны дөрөвдүгээр сараас Яахoo Инк.-д програм зохиогч инженерээр ажиллаж байгаа. 2008 онд Илинойн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Ph.D. in Computer Science, University of Illinois at Urbana-Champaign, Dec 2007
M.S. in Computer Science, University of Illinois at Urbana-Champaign, Aug 2005
B.S. in Computer Science, Concord University, Athens, WV, May 2001
B.S. in Information Systems, Concord University, Athens, WV, May 2001
Өөрийн хүч бололцоогоор өндөр хөгжилтэй орны сургуулиудад шат дараалан амжилтай суралцаж өссөнөөрөө, суралцсан бүх шатны сургуулиудад дандаа тухайн сургуулийн тэтгэлгээр төлбөргүй суралцаж улс орон болон өөрийн хармааг сайн хэмнэсэн нь өнөө үеийнхэний шилдэг жишээ, үлгэр дууриалал болно.

Мөн ажлын өөрийн зав, чөлөөт цагаараа монголчууддаа зөвлөгөө өгч, мэдээлэл тараадаг hamagmongol.com сайтыг үүсгэн байгуулж, ажлуулсан.

М.Сувдмаа нь компьютерийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хоёр бүтээл хэвлүүлж, эрдэм шинжилгээний долоон хуралд илтгэл тавьсан.

Зургаа. Б.Ундрахбуян (Temple University)

Др. Баасанжавын Ундрахбуян Пенсилвани мужийн Темплийн их сургуульд профессор хийдэг. 2006 онд Охайогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Professor, Temple University, 2008 - одоог хүртэл
Visiting Assistant Professor, Michigan Technological University, 2006 - 2008
Ph.D, Ohio University, Telecommunications (Communication), 2006
M.A, Ohio University, Telecommunications (Communication), 2004
Монголын Засгийн Газрын болон төрийн бус байгууллагууд Интернэтийг хэрхэн ашигладаг талаар судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Энэ бүтээл нь "Мэдээллийн технологи ба улс төр" гэдэг эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн. Эрдэм шинжилгээний гурван бүтээл хэвлүүлж, таван удаа эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан.

Др. Б.Ундрахбуян нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Интернэт хөтөлбөрийн зохицуулагчаар олон жил ажиллаж, Монгол Улсад мэдээлэл холбооны технологи хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Эх сурвалж: www.orloo.info

0 сэтгэгдэлтэй: