(Д.Дүрэвдоржийн "Сэгс Цагаан Богд" найраглалын баатар тэмээчин бүсгүйн захидлын хариу)
Хөдөө нэгдлийн тэмээчин
Хөөрхөн бүсгүй сайн байна уу?
Холоос чамайгаа мөрөөдсөн
Хотын хархүү сайн байна аа
Сэгс Цагаан Богдод
Сэрүү унах болоогүй нь
Ус нутагтаа хайртай
Уяхан чиний санаа байна аа
"Нартай хамт явсан юм уу?" гэж
Надаас чиний асуудаг нь
Хайр юугаа илгээсэн
Халуун сэтгэлийн чинь үг байна аа
Тиймээ!
Холийн чамдаа сэтгэлээ өгсөн
Хотын хархүү би
Нутгийн чинь нууранд хоргодсон
Нугасны нэгэн дэгдээхий байжээ.
Урин хавартаа эргэн ирэх
Усны нэгэн шувуухай байжээ.
Холоо эндээс чамайгаа хүлээж
Долоо хоногын шуудан тоолж
Амрагийн сэтгэлд хайлан явахад
Өдөрт чи зүрхэнд минь багтах юм
Нар ээсэн говьдоо чи намайг татах соронзон юм уу?
Саран хээрлэх талдаа чи саатан хүлээх хань минь юм уу?
Үе үехэн санаа алдаад
Үнэндээ миний ч сэтгэл сүжрээд байнаа
"Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн" гэнэ шүү
"Батиар биш дээ хүнийг та
Барьж үзэх дөхсөн" гэнэ шүү!
-Өөрөө чи хөөрхөн төрчихөөд
Өөдөөс нь ширтэхээр доошоо харчихаад
Үг хэлэх гэхээр нүүр чинь улайчихаад
Үүд рүүгээ харан яараад байсан шүү дээ!
Мөдхөн тэгээд захиа бичихээр
Мэдээ сураггүй таг болчихоод
Удаж удаж нэг бичихдээ
Улаанбаатраасаа ирээч гэсэн шүү дээ!
Хонгор чинийхээ хүслийг дагаж
Хотоосоо би явъя гэвэл
Дурлал хайрынхаа сэтгэл дагаж
Дуулим талд чинь очъёо гэвэл
Ажилд борогшоогүй цагаан гарын минь
Алга хорсон цэврүүтэх болов уу?
Малд төшөөрсөн найзыг чинь хүн
"Мануухай" гэж шоолох болов уу?
-Санаснаа ингээд нөхөддөө хэлэхээр
Цаашлуулж тэд маань намайг дөнгөх юм
Ний нуугүй үнэний чинь хэлэхэд
"Нийслэл хүүгийн" үлгэр болно гэлцэх юм
Нээрээ ч бараг үнэн дээ ! гэж дотроо бодовч
Нэг л юм сэтгэлийг минь зовоох юм
Байнгын чинь хаяг
Сэгс Цагаан Богд гэж санахаас
Байж суухын арга олдохгүй юм
Уучлаарай найзаа
Уудам говь нээрээ сайхаан
Зүйдэлгүй хөх тэнгэрийн
Хөмийх тэртээх хаяанд
Зүс цагаан талын
Хязгаар тэртээ холд
Сэтгэл дотор зүмбэрлэсэн
Сэгс цагаан богд уул бий
Итгэл хайрыг минь булаасан
Ээжийн нэгэн охин бий
Тэнгэр тулам бүтээлтэй
Нэгдэлч түмэн идээшсэн
Тэр сайхан нутагтаа
Зандан хүрэн тэмээдээ
Хариулж чи минь байгаа даа!
Захгүй өргөн говьдоо
Дуугаа дуулж яваа даа
Уудам энэ нутагт чинь
Өргөө гэрээ барьж
Ус нутгийн чамаар
Өрхнийхөө оосрыг татуулбал
Хөөрхий хүний үр гэж
Хөгшчүүдийн чинь сэтгэлийг уяраан
Хөөр баяр цалгим
Урам зоригтой амьдарвал
Бие биенээ хайрлаж суусан Бидэн хоёрын жаргал бус уу?
Нам ардынхаа дуудсанаар
Найз чинийхээ хүссэнээр
Хөдөө нутаг сайхан байна гэж
Дуулж бахдаж явбал
Хөдөөгийн сэхээтэн энэ байна гэж
Дууриал болж явбал
Газрын холд саатаа нь үгүй
Гандашгүй хайрын сэтгэл бус уу?
Учиръяа гэмээн учирсан
Унтрашгүй хайрын жаргал бус уу?
Гэвч найз минь би
Гэгээн тансаг нийслэл хотоо
Гэршиж дассан гудам талбайгаа
Хорин хаврын намтар юугаа
Холбон дурсахгүй байж чадахгүйнээ
Сэгс Цагаан Богдоос явнаа гэхэд
Сэтгэл чинь ямар байлаа?
Учралын сайханд баясаад байвч
Улаанбаатараа орхино гэхээс
Уяхан сэтгэл догдлоод байнаа
"Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын маань чандмань эрдэнэ" (чиний хэлдгээр)
Улаанбаатар нээрээ сайхаан
Дурсгал түүхтэй энэ л хотын
... дугаар амаржихын цэлгэр өрөөнд
Уужим орчлонд мэндэлсэн болохоороо
Улаанбаатартаа би хайртай байдаг юм
Аавын минь хэлдгээр хоолоо олохтой болгох
Авьяас ухаан тэлэх номын хуудас дэлгэж
Өлгий сайхан дүүрэгтээ хорин жил бүүвэйлсэн
Өрлөг дотно хотоо би бахдаж явдаг юм
Мандах өглөөний нар нь улаан
Манай хувьсгалын туг нь улаан
Жанжин Сүхийн хөшөө баатар
Жаргалтай түмний нь түүх баатар
Нэр нь хүртэл шүлэг
Нээрээн Улаанбаатар сайхан хотоо
Энэ л хотын хөгжөөнт дүүрэгт
Эрх танхилхан насаа үдэж
Их сургуулийн нь саруул танхимаас
Эрдмийн шим хүртэж гарсан
Унаган хүү нь билээ би
Үзэмж тансаг хотынхоо
Үер шиг хөврөх олны урсгалд
Үеийн найз чинь бүл нэмж
Үүрээр эртлэн ажилдаа явдаг юм
Дөлгөөн Туулын хөвөөнд орших
Дөрвөн давхар нэгэн ордонд
Цагийн зүүтэй уралданхан
Цаас үзэг нийлүүлэнхэн
Буурал профессорын зөвлөгөө сонсож
Буман номын хуудас дэлгэж
Эрдэм шинжилгээний сэдэвт зохиол
"Элсэн далайн хөлөг" -өө бичиж байдаг юм
Домогт өмнийн говийг туулж
Дорнод монголын талыг барж
Тэмээний тухай муугүй судалсан байтлаа
Тэмээчний тухай муухан мэддэг байснаа
Намар танай нутгаар явахдаа
Найз нь үнэндээ ойлгосон юм шүү
Эрдэм шинжилгээний эрэл дундаа
Энхрий чамайгаа олсон юм шүү
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй минь ээ
Ирэхгүй нь дээ! гэж итгэл алдрах
Ийм л хүн байж дээ гэж сэтгэл гутрах болоогүй шүү!
Одоо би чинь, чинийх боллоо
Орон гэр минь танайх боллоо.
Тэнүүн говийн чинь бахдах сэтгэлтэй
Тэмээчин чамтай амьдрах хүсэлтэй
Хөгжөөнт хотын нэгэн хархүү
Хөлгийн жолоог чам руу заллаа.
"Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутгийн чамдаа өгөхөөр"
Загийн галын халуун илчээр
Эцгийн голомтыг үүрд бадраахаар
Холын чамдаа сэтгэлээ өгсөн
Хотын хархүү би
Сүү өргөн мялаасан
Аяны чинь дөрөөнд гишгэж
Сүй болгон хүлээсэн
Алсын чинь харгуйд орлоо
... Ай Улаанбаатар
Аз жаргалтай нийслэл хот минь
Сэтгэлд дотно хотынхоо хөгжөөнт дүүргээс гарч
Сэлүүн талын хөдөө рүү хөлгийн жолоо залахад
Эргэн эргэн хоргодох эцгийн минь гэр шиг санагдаж
Эгэл нэгэн хүү чинь баяртай хэмээн ёсолж байна.
Энхрий дотно хот минь баяртай, баяртай
Тэмээчин бүсгүйтэй амьдарлаа холбож
Тэнгэрийн хаяанаас чамайгаа мөрөөдөхөөр
"Дүү хот" -ыг чинь хөдөөд байгуулалцаж
Дүүжүү холоос тэмүүлэн суухаар
Униар татсан говь тийш хүү чинь явлаа
Улаанбаатар минь баяртай.
Улаанбаатар минь баяртай
Т.Очирхүү
Posted by baterdene Labels: Уран зохиол at 20:54
1 сэтгэгдэлтэй:
Гоё шүлэг шүү. Би энэ шүлгийг хайгаад л байсан юм. "Сэгс цагаан богд"-той хосоор нь блог дээрээ тавих гээд их хайсан даа.
Post a Comment