Лус савдаг гэж байдаг.

Лус савдаг гэж үнэхээр байдаг. Харин сүнс чөтгөрийн тухай сайн мэдэхгүй юм. Сүнстэй таарсан, Чөтгөртэй тааралдсан гээд л яриаг зөндөө сонсож, зөндөө олон номноос уншсан. гэхдээ л бүрэн итгэдэггүй юм. Яагаад гэвэл би өөрийн нүдээр хараагүй. Нүд үнэн чих худал гэдэг биз дээ. Гэхдээ ямар нэгэн догшин уул, усанд лус савдаг байж, уул усаа хамгаалж байдаг гэдэгт итгэдэг.

Манай байр булган уулын энгэрт, аймгийн төв дотроо уултай хамгийн ойрхон байдаг байсан юм. Одоо ч гэсэн байгаа л даа. Бид нар гадаа их тоглоноо. Өвөл зун гэж ялгалгүй гадаа их тоглодог байсансан. Өвөл нь чаргаар булган уулынхаа энгэрээс гулгаж тоглоно, булган уулынхаа зүүн суганаас урсах горхины мөсөн дээр эсгий гуталд савдаг какас уяагаар хүлээд л гулгаж тоглодог байж билээ. Зуны сайхан цагт нь 9, 10 - р байрны дунд байдаг элсэн дээр л өнждөг байсан. Тэр элс тоглоход ямар сайхан гээч. Тэр үеийн манай байрны багачуудын ертөнц тэр элсэн дээр бүрэлддэг байсан. Харамсалтай нь одоо машины зогсоол болчихсон юм. Бас булган уулыхаа энгэрийн хадан дээр их тоглодог байж билээ. Эргээд тэр цагтаа очихсон.
Долоон настай байхад надад нэг явдал тохиолдож билээ. Хавар 4 сарын үе байсан юм. Байрныхаа хүүхдүүдтэй хамт уул руу яваад, улаан бурханы хавьд баахан тоглож байгаад ирж билээ. Дулаахан ч өдөр байсан юм. Тэр үед би сургуулийн бэлтгэл ангид явдаг байсан. Тэр уул руу явж тоглодог өдөр чинь бүтэн сайн өдөр байсан шиг санагдаж байна. Баахан тоглож тоглож гэртээ ирээд, зүв зүгээр хоолоо идээд л унтсан санагдаж байна. Харин маргааш нь өглөө нь сэрээд, босоод жорлон руу явах гэсэн чинь би явж чадахаа байчихсан байсан. Хөл биеэ даахгүй, ажиллахгүй байсан. Хүүхэд юм болохоор би юугаа мэдэхэв дээ. Босож ирээд дахиад л явах гэсэн чинь чадахгүй унаад байсан санагдаж байна. Тэгэхэд аав ажилдаа явчихсан, ээж арай явах болоогүй байсан юм. Тэгээд л ээжийг дуудаад, ээж ч ирээд, сандраад, аавыг ажлаас нь дуудаад, аав ирээд, жижиг эгч маань сургуулиасаа тарж ирээд, манай гэрийхэн үймэлдээд бөөн юм болж байсан юм даа. Дараа нь эмнэлэгээс эмч ирээд, баахан үзэж байгаад л явж байсан юм. Аавын нэг найз эмч нь бас ирээд, миний хөлийн шилбэнд нэг шар өнгөтэй тос түрхэж байсныг би сайн санаж байна. Ээж маань зайлуул уйлаад, хүмүүс манайд ирээд, баахан гайхаж байгаад л явж байсан. Тэр байдлаар 1 билүү 2 хоносон юм даа. Анагаах ухаан эмчлэх аргаа олохгүй байсан болохоор аав нэг ламаас асуусан гэсэн. Тэгтэл танай хүү чинь лус савдагт бариулсан байна, лусын хорлол болжээ гэж хэлсэн гэсэн. Би уул руу явж тоглосон өдөр уулан дээрээс чулуу юм уу мод хөндөөд лус савдагт нь баригдчихсан хэрэг л дээ. Ер нь манай Булган хайрхан чинь их догшин уул л даа. Гэхдэ хүүхэд л юм хойно юугаа мэдэхэв дээ. Ингээд гэртээ нэг лам авчирч ном уншуулж билээ. Тэр лам их сайн лам байсан санагдаж байна. Ном уншихдаа намайг хажуудаа суулгаад, хааяа хааяа над руу нулимаад байсан нь миний санаанаас гардаггүй юм. Тухайн үед жаахан байсан болохоор өөрийгээ суумгай болж ч магадгүй байгааг ойлгохгүй, ламыг ном уншихад дотроо шоолоод, инээгээд сууж байсан юм даг. Ном уншуулсаны маргааш өглөө зүв зүгээр болоод босоод явчихаж билээ. Юм гэдэг нээрээ сонин шүү. Надад тохиолдож байсан тэр зүйлд би одоо ч хариултыг нь олж чаддаггүй. Гэхдээ би одоо баярладаг юм. Ямар азаар ... гэж. Хайрхан минь намайг харж үзээд, тухайн үед анхааруулсан хэрэг л байх гэж одоо боддог. Ер нь энд тэндэхийн уул усан дээр очихдоо болгоомжтой байвал зүгээр санагддаг шүү. Ямар ч л байсан уул усны лус савдаг байдаг гэдэгт тэр явдлаар итгэдэг болсон доо.

2 сэтгэгдэлтэй:

Цэнгэл said...

Лус савдаг байдгийг олон ургальч үзлээр ойлгох хэрэгтэй юм билээ Жишээлэхэд бид орон зай цаг болон хугацааны нэг хэмжээст амьдарч байна Өөр юу юу ч гэдэг билээ Товчоор хэлэхэд бидэнд мэдрэгдэхгүй хамаарахгүй өчнөөн амьд гэж үзэж болох биетүүд орон зай байгаль оршиж байж болох юм Тэд зарим тохиолдолд бидний хийсэн буруу зүйлд сануулга өгдөг бололтой Өөрт тохиолдсон нэг зүйлийг өгүүлэе 2011 оны 8 сард нэгэн дээд сургуулийн Солонгос 5 н багш нартай Цэнхэрийн халуун рашаан орж билээ Буцахын өмнө тэд рашааны эхийг үзэхээр болж машинаар ойртож баруун хойноос явган ус намагтай газраас очлоо Гэтэл Ан багшийн гэргий намганд шинэ пүүзээ хоёуланг сугалж шавар болгочихоод бариж хүрэв Тэнд ёстой 92 градусын халуун рашаан олгойдож байв Тэгтэл Ан багш миний үгнээс зөрж энэ гутлын шавар эндхийн шороо бохир байхгүй гээд эхээс доохнь усанд цэвэрлэчихэв Тэгтэл эмэгтэй И багш эхэнд байсан шавар шороог ёстой нүүрний арьс зөөлрүүлэх үнэтэй эд гээд гар нүүр хөлөндөө түрхэж үзэж байв Тэгээд тэр өглөө бид буцах замдаа орсон боловч нөгөө хоёр багшийн баруун зүүн хөл шагайгаараа хавдаж жижиг хөх ягаан толбонууд гарч явж чадахгүй хоёулаа доголж үнэртэй гавар тос түрхсээр ирсэн бөгөөд 7 хоногийн дараа тэр 2 хэвийн явч чаддаг болсон бүлгээ Би үүнийг нүдээрээ харж мэдэрсэн болохоор тэр лус савдаг ухаантай хүний зөв бурууг мэдэрч ойлгуулахыг хичээсэн гэж үүнэс хойш боддог болсон

Цэнгэл said...
This comment has been removed by the author.